ХОВД: Айл өрхүүд 170 гаруй сая төгрөгийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт эдэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-07 14:30:20

Ховд /МОНЦАМЭ/. Цахилгаан эрчим хүч бол иргэдийн байнгын хэрэглээ. Өнөө үед нэг цаг тоггүй байхад маш олон хүндрэл гарна.


Иргэдийн өдөр тутмын салшгүй хэрэглээний нэг болсон эрчим хүчийг тасралтгүй түгээх зорилготой ажилладаг “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь 2022 онд 100 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус байгууллагын зүгээс цахилгаан эрчим хүчний салбарын технологийн шинэчлэл, ухаалаг хэрэглээ,  цахим үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл танилцуулах, эрчим хүчний хэмнэлт, үнэ тариф, хамгаалалтын зурвас, хэрэглэгчийн заагийн талаар зөвлөмж өгөх зорилтын дагуу “Эрчим хүчний зүй зохистой хэрэглээ” аяныг Ховд аймагт өрнүүлж байна.

Аяны хүрээнд өнөөдөр “Эрчим хүчээ хэмнэе” нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагааг “Эвийн хүч” худалдааны төв дээр зохион байгуулсан тул аймгийн төвийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчид өргөнөөр оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааг одоогоор хөдөөгийн гурван суманд зохион байгуулж, үйл ажиллагааны онцлог, шинэ цахим үйлчилгээнүүдээ сурталчилжээ.

“Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь Ховд аймгийн төв болон хөдөөгийн 16 сумын нийт 16 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Ингэхдээ 600 гаруй км шугам, 350-аад транспорматороор цахилгаан эрчим хүч түгээдэг аж.

Одоогоор цахилгаан, эрчим хүчний тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилж байгаа. Өнгөрсөн 2021 онд Ховд аймгийн хэмжээнд 2900 айл өрх нийт 170 гаруй сая төгрөгийн цахилгаан, эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт эдэлсэн байна.

Мөн 2022 оны байдлаар Ховд аймгийн төв буюу Жаргалант сум, баруун бүсийн Булган сумаас 4994 хэрэглэгч цахилгаан, эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа гэх судалгаа гарчээ.

Цаашид ачаалал хамгийн их, оргил цаг буюу 17:00-21:00 цагийн үeд эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, эрчим хүчээ хэмнэцгээе гэж “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас уриаллаа.   


Холбоотой мэдээ