Малны 5.2 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-28 13:26:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс жилдээ нийт мал сүргийн 24.5 хувийг буюу 13.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байна.


Энэ бол сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлт гэдгийг ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг өнөөдөр болж буй “Монгол мах” анхдугаар чуулга уулзалтад тодотголоо.


Тэрбээр, хөдөө аж ахуйн салбараас бэлтгэсэн махны дөнгөж 5.2 хувь буюу 26 мян.тн, сүүний 19.3 хувийг буюу 152.5 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж байна гэв.


Тэгвэл эдийн засгийн эргэлтэд оруулж буй бүх малыг үйлдвэрийн аргаар бэлтгэх хүчин чадал манай улсад байгааг Монголын Махны холбоо ТББ-ын гүйцтэгэх захирал Н.Батсуурь хэлж байв. Гагцхүү манай улс мал, мах бэлтгэл, боловсруулалт дээр алдаж буйг тэрбээр тодотгосон юм. Мал нийлүүлэлт, мах бэлтгэлийн нэгдсэн, нэг тогтолцоо үгүйлдэж байна. Ингэхгүйгээс дундын зуучилдаг “үйлчилгээ” бий болсон гэв.


Мөн тэрбээр, зуучилж буй хүмүүс малчдаас дамжуулан авсан махаа үйлдвэрт нийлүүлэхгүй зах зээлд хэн дуртайд нь өгч байна. Ийм байдлаар 98 хувь нь гар аргаар төхөөрөн бэлдэж байна. Энэ нь нийтийн хүнсэнд цэвэр, аюулгүй мал нийлүүлэхтэй зөрчилдөөд байна гэсэн юм.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Малыг төхөөрөөд 4-10 хэмд 24-48 цаг загсаах ёстой. Ингэснээр амьд байсан малын эд, эсүүд үхэж бүрэн дуусдаг учиртай. Гэтэл зуучлагч, ченж нарт очиж буй мал, махыг ингэж бэлтгэж боловсруулахгүй байгаагаас мах боловсруулах үйл явц алдагдаж байна. Тодруулбал, хөлдөөх, хадгалах, шулж, ангилж, савлах зэрэг процессыг алдагдуулж байна. Тиймээс хадгалалт даахгүй, амархан муудаж байна. Дээр нь аюулгүй байдлыг хангахгүй махыг нийлүүлж байна. Тиймээс мах бэлтгэл нь дээр дээрх үе шатуудыг дамжих ёстой" гэв.


Сүүлийн үед нөөцийн махны чанар муудсаар байгааг дээрх үйл явцтай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, нөөцийн махыг бэлтгэх явцад компани, ААН үйлдвэрүүд малчдаас мал, мах авч буй ч анх тухайн малыг яаж төхөөрч бэлтгэсэн мөшгих үйл явц чухал байгааг энэхүү чуулга уулзалтаар хөндлөө. 


Энэ талаар буюу бараа, үйлчилгээнд бар код олгох үйл явц хүнсний салбарт, ялангуяа махны үйлдвэрлэлийн худалдаа, нийлүүлэлтэд хэрхэн нэвтэрч буйг зураасан кодыг хэрэгжүүлж буй “GS1 Монгол” ТББ-ын захирал Ш.Цэвэлсайханаас тодруулбал, “Бид нөөцийн махны бэлтгэл, худалдааг хянаж, бүртгэлжүүлэх зорилгоор ХХААХҮЯ, Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран мах бэлтгэн боловсруулж буй 60 гаруй компани, ААН-д бар кодыг нэвтрүүлж хэрэгжүүлээд байна" гэв.


Гэхдээ зураасан кодыг нэвтрүүлж хэрэгжүүлэх нь эхний алхам бөгөөд ингэснээр тухайн компаниуд хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой бэлтгэлийн үйл явцыг мөрдөн мөшгих тогтолцоог бүрэн хангаж байна гэж ойлгож болохгүй гэдгийг тодотголоо. Энэ талын шаардлага, стандартыг сайжруулж бэхжүүлэх үүднээс мах бэлтгэгч, боловсруулагч, худалдаа эрхлэгчдийг эхлээд зураасан кодыг авснаар яаж ашиглаж хэрэгжүүлэх буюу хүнсний аюулгүй байдал, чанарыг хангах, хэрэглэгчдийн хэрэгцээг хүртээмжтэй байлгах, тогтолцоог бүрдүүлэх сургалтад хамруулж байна гэв. 


Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ