Энэ оны сүүлийн башёд Аби Эзэн хааны цомын эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-27 17:24:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн сүүлийн өдөр буюу 15 дахь өдрийн барилдаан 11 дүгээр сарын 27-нд Фүкүока хотноо болж, энэ өдөр 3 сумоч адил 12 даваа авсан учраас дахин барилдаан хийхэд Такаяасү /М-1/, Озэки Такакейшо нарыг дараалан давж 13 даваатай болсон Аби /М-9/ Японы Эзэн хааны цомын эзэн болж түрүүллээ.  


Энэ өдөр Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 11 даваа, 4 унаатай болсон юм. Харин Кирибаяама 8 даваа, 7 унаатай энэ башёг өндөрлүүлж байна.


Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Точиношин /М-8/-тай таарч барилдан, түүнийг уватэнаге мэхээр давж 6 даваа, 9 унаатай энэ башёг дуусгаж байна.


Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Тэрүцүёоши /М-15/-тэй барилдаж, түүнийг уватэнаге мэхээр давж 4 даваа, 11 унаатай энэ башёд тун ч тааруу амжилт үзүүллээ. Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Эндо /М-7/-той таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр давснаар 7 даваа, 8 унаатай башёг дуусгаж байна.


Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/, Мёогирюү /М-7/-тэй хүч үзэж, түүнд ёрикири мэхээр унаснаар  7 даваа, 8 унаатай башёг дуусгав.


Энэ башёг 12 даваатай ганцаараа тэргүүлж явсан Такаяасү /М-1/ Аби /М-9/-тэй таарч барилдан түүнд цүкитаоши мэхээр унаж, тэд 12 даваа, 3 унаатай болж дахин барилдаан хийх нөхцлийг бүрдүүллээ.


Аваргыг тодруулах барилдаанд Такаяасү /М-1/, Аби /М-9/-тэй дахин хүч үзэхэд хатакикоми мэхээр унасан бол аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Озэки Такакейшо адил даваатай Аби /М-9/-тай барилдан, түүнд ошидаши мэхээр унаж 12 даваа, 4 унаатай болж башёг дуусгалаа.

Холбоотой мэдээ