АРХАНГАЙ: Шалгалтын явцад шүлхийн вакцин худалдан авч тарьсан зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-21 12:09:53

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ-аас 2021-2022 онд шүлхий өвчин гарсан 15 суманд хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Шалгалтын явцад өвчлөл гарсан өрхийн малчин шүлхийн вакцин худалдан авч тарьсан, тухайн бүсээс мал нядлан зах зээлд нийлүүлэхэд малын эмч эмнэлгийн улсын байцаагч баталгаажуулан илгээсэн, малчин өвчилсөн малыг 12 цагийн дотор мэргэжлийн байгууллагад мэдээлээгүй, вакцины хадгалалт хамгаалалт алдагдсан, төгсгөлийн халдваргүйтгэлийг хийгээгүй зэрэг зөрчил гарчээ.


Энэ нь мал эмнэлгийн гэрчилгээг хэрэглэх заавар, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын 2.4, 2.5, 3.1.2 дахь заалтыг, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх “Арриах вак” эсийн өсгөвөрт идэвхжүүлсэн, цийдмэг вакциныг хэрэглэх зааврын 5 дахь заалтыг тус тус зөрчсөн зөрчил ажээ.


Өвчлөл бүртгэгдсэн 15 сумын холбогдох албан тушаалтнууд, мал эмнэлгийн улсын байцаагч нартай тогтмол холбоо мэдээллийн хэрэгслээр холбогдон, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнтэй хамтран орон нутагт 4 удаа хууль эрх зүйн талын туслалцааг үзүүлж, голомт бүхий 458 малчин, мал бүхий  иргэдэд 32 заалт бүхий улсын байцаагчийн 3 зөвлөмж, 26 аж ахуйн нэгж, мал эмнэлгийн тасгийн 42 албан хаагчийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, илэрсэн зөрчлийг хэрхэн  арилгах,  холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, түүний хэрэгжилтийн түвшнийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах талаар улсын байцаагчийн 140 заалт бүхий 35 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан байна.


Шалгалтын  явцад илэрсэн 7 зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2 иргэн 4 аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь заалт, 13.9 дүгээр зүйлийн 13.9.2 дахь заалтын дагуу 2600.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Холбоотой мэдээ