БОАЖЯ Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 15 дугаар бага хуралд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-11-17 10:20:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдаар ахлуулсан баг 12 дугаар сард Канад Улсын Монреал хотод болох НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хуралд оролцоно.


БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Канад Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкоффийг хүлээн авч уулзан, тус бага хурлын тухай мэдээлэл солилцов. Мөн Канад Улсын Засгийн газраас Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцын хүрээнд дэвшүүлж буй санал, мэдээллийг хүлээлгэн өгчээ.


НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хурал нь Биологийн олон янз байдлын асуудлаар 2020 оноос хойш даян дэлхийн үндсэн чиглэлийг эцэслэн баталгаажуулах хүрээнд зохион байгуулагдана. Иймд байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлж буй төслийн уялдаа, 2 орны хамтын ажиллагааны бодит хэрэгжилтийг хангахад нэгдсэн ойлголтод хүрч, талууд хамтран ажиллах нь чухал гэдэгт санал нэгдсэнийг БОАЖЯ мэдээлэв.


Монгол Улс нь Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хурлуудад идэвхтэй оролцож иржээ. Үүнд байгальд түшиглэсэн шийдэл, уламжлалт мэдлэг, нутгийн иргэдийн оролцоот байгаль хамгаалал, 2030 онд үндэсний болон олон улсын хэмжээнд хуурай газар, далай тэнгисийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах, холбоос нутаг, зэрлэг ан амьтан ургамлын зохистой ашиглалт, генетик нөөцийн ашиглалтыг сайжруулах, тогтвортой санхүүжилтийг нутагшуулах зэргийг дурдаж болох аж.

 

Холбоотой мэдээ