Нийслэлчүүдийн “шүдний өвчин”-Түгжрэл
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд тулгамдаж буй олон асуудал байгаа нь мэдээж. Гэхдээ хамгийн эмзэг сэдэв нь яах аргагүй замын түгжрэл.
Нийслэлийн иргэдийн дунд явуулсан
судалгаагаар 85 хувь нь түгжрэлийг яаралтай бууруулах ёстой гэж байр сууриа
илэрхийлсэн. Энэ талаар олон ч жил ярьсан, тэр хэрээр зохистой шийдэлд
хүрэх гэж хичээж байгаа. Үүний нэг жишээ нь, өнгөрсөн онд буюу 2021 оны тавдугаар
сарын 19-нд Засгийн
газраас жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг
бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргасан явдал юм. Ийм шийдвэр гаргахад
нөлөөлсөн шалтгаан нь түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд
төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо
гарчээ. Мөн нийслэлчүүд жилдээ 35 өдөртэй тэнцэх хугацааг түгжрэлд өнгөрөөж
байгаа гэсэн судалгаа ч бий. Үнэндээ хотын
замын сүлжээний даац 2011 оноос хэтэрч эхэлсэн байдаг. Харин өнөөдрийн байдлаар
2.5 дахин хэтрээд байгаа гэсэн үзүүлэлттэй байна.
Жилд ойролцоогоор 80 мянган автомашин
шинээр замын хөдөлгөөнд оролцдог. Энэ үзүүлэлтээс харахад авто замын ачаалал
нэмэгдэхийн хэрээр тэг зогсолт болоход ойртож буй бөгөөд Олон улсын
байгууллагын тооцооллоор “архаг түгжрэл”, “бүтэн өдрийн түгжрэл” гэдэг нэр
томьёо шинээр хэрэглээнд нэвтрэх нөхцөл байдал үүсээд байна гэдгийг мэргэжлийн
хүмүүс хэдийнэ хэлж сануулаад эхэлсэн. Тиймээс маш дорвитой арга хэмжээ авч,
энэ асуудлыг шийдэх шаардлага тулгараад байгаа нь дэндүү үнэн. Хотын хүн амын
тоо эдүгээ 1.5 сая, нийт өрхийн тоо 414 мянга болж өссөн бол автомашины тоо
659,000 болжээ. Их, дээд сургуулийн 96 хувь, худалдаа үйлчилгээний газрын 80
гаруй хувь нь хотын төвд байрлаж байна. Хотын төвд өдөртөө гурван сая орчим
зорчилт хөдөлгөөн явагддаг. Үүний 52 хувь нь ажил руугаа, 25 хувь нь хүүхдээ
сургуульд нь хүргэж өгөхөөр явдаг гэсэн судалгаа гарчээ.
Түгжрэлийн эсрэг хуультай болно
Улаанбаатар хот энэ жил 18
байршлын уулзвар нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зургаан байршилд нүхэн гарц
барих, 1891.2 метр гүүрэн
гарц барихаар төлөвлөсөн бол RFID мэдрэгч 161 байршилд
байршуулахаар болжээ. Ингэснээр тодорхой хэмжээний үр дүн гарна гэж тооцоолж байна.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслүүдийг
цахим гэрчилгээтэй болгож, түгжрэлийн индексийг бодит цагаар тодорхойлно. Камержуулалтын өсөлтийг 20 хувьд хүргэнэ. Уулзвар дээрх хөдөлгөөний эрчмийн
ачааллыг тодорхойлон зөв оновчтой шийдвэр гаргах нөхцөл бүрдүүлнэ гэдгээ хотын
удирдлагууд нийтэд дуулгасан. Мөн хотын төвд төвлөрч байгаа худалдаа
үйлчилгээний газрууд замын түгжрэл үүсэх гол шалтгаан болдог учраас нэг төвтэй
хотыг задалж төвлөрлийг сааруулах арга хэмжээ авахаар шийдвэрлээд байгаа. Сарын
өмнө Монгол Улсын сайд,
нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга
Ж.Сүхбаатар нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй
ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл
хийсэн. Тэрбээр түгжрэлийг бууруулах ажлаа нийтийн тээврийн
шинэчлэл, өөрчлөлтөөс эхэлж байгаа гэдгээ хэлсэн. Цаашид түгжрэлийг бууруулах Нэгд,
захиргааны арга, Хоёрт, эдийн засгийн арга, Гуравт, түгжрэлийн
эсрэг хуультай болж түүндээ татвараар хандах гэсэн 3 үндсэн аргыг хэрэглэнэ гэж
мэдээлсэн.
Ж.Сүхбаатар “Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах суурь асуудал юм. Нийслэл хотод 1432 автобус хэрэгтэй, 124 маршрут чиглэлээр ажиллах ёстой гэсэн тооцоог Нийслэлийн Нийтийн тээврийн газраас, мэргэжилтнүүд нь өмнө нь гаргачихсан юм билээ. Дээрх тооцоололд хүрэхэд юу дутаад байна гэхээр энэ онд 556 автобусны ашиглалтын хугацаа нь дуусч үйлчилгээнээс гарч байна. Ингэснээр автобус хүрэлцэхгүй болсон. Мөн маршрут чиглэл нь дутуу байгаагаас иргэд богино эргэлт хийгээч хэмээн шаардаад байгаа нь бодит зүйл. Нийтийн тээврийн хүртээмж муу, найдвартай ажиллагаа алдагдсан. Тиймээс Засгийн газраас дэмжин төсөвт автобусны паркийг шинэчлэх хөрөнгийг суулгаж өгсөн. Гэхдээ нийслэлийн нийтийн тээврийг сайжруулна гэдэг нь зөвхөн парк шинэчлэлт биш юм. Автобуснууд орж ирэхээр л түгжрэл буурах гээд байгаа юм биш. Энд нийтийн тээврийн зохион байгуулалт, үйлчилгээ, менежментийг дээшлүүлж шинэ түвшинд гаргах нь мөн зэрэгцэн тавих чухал асуудал” гэдгийг ч хэлсэн.
Түгжрэлийг бууруулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй
Нийтийн тээврийн үйлчилгээг бүхэлд нь
сайжруулж, шинэчилснээр иргэдэд ая тухтай, хурдан шуурхай зорчих сонголт үүсэх
нь ойлгомжтой. “Ийм сонголттой болоод ирмэгц дараагийн ээлжинд хувь, хувьсгалын
автомашинууд руу анхаарч, хариуцлагатай ухаалаг хэрэглээ рүү шилжих боломж
үүснэ” гэдгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын
түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар тодотгоод “Бид нийслэл
хотын бүх гол уулзвар дээр хяналт, бүртгэлийн ухаалаг системийн төхөөрөмжийг
нэмж суурилуулж байгаа. Гол ажил нь энэ сард дуусна. Энэ нь яадаг гэхээр тухайн
машиныг таньдаг систем юм. Үүгээр дамжуулан бид автомашин, тээврийн бүх
хэрэгслийг бүртгэж хянаж эхэлнэ. Үүнийг хүний эрхийг зөрчиж байна хэмээн шууд
буруугаар ойлгох хэрэггүй. Тухайн машин торгуультай байна уу, бүртгэлтэй,
даатгалтай байна уу, үзлэг онишлогоондоо орж уу зэргийг хянах юм. Ингэснээр
жолооч нарыг хариуцлагатай болгоно” гэсэн юм. Мөн “Яавал иргэн бүр, жолооч бүр
түгжрэлийг бууруулахад өөрийн зүгээс юу хийж чадах, юуг засч чадах гэсэн
хандлагаар хандан, дүрэм журмынхаа түгжрэлийг тайлах хэрэгтэй байна. Энэ бүхэн
нэг л суурь асуудал. Үүнийг бид амжилттай хэрэгжүүлж хийхгүйгээр бусад асуудлыг
шийдэж чадахгүй” хэмээсэн.
Түгжрэлийг
бууруулах арга зам
Одоогоос сарын өмнө “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг болсон. Анх 600 мянган хүнтэй байхаар төлөвлөж байсан Улаанбаатар хотын хүн ам гурав дахин нэмэгдсэн тул түгжрэлийг бууруулах гарц, шийдэл, үүнд олон нийт хэрхэн хувь нэмрээ оруулах тухай санал солилцохоор дээрх хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бол сүүлийн 30 жилд хуримтлагдсан асуудал.
Улаанбаатар хот өөрөө автомашиныг бүртгэж, улсын дугаар олгож, газрын бүртгэлийг хийж, бүсчлэл болон хураамжийг тогтоодог байх хэрэгтэй. Тийм учраас хөгжилд саад учруулж буй хуулийг өөрчилж, түгжрэлийг бууруулах чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр төсөв багасах юм бол бүтээн байгуулалтын ажлууд зогсох аюултай. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотын төсөв жил бүр 420 тэрбумаас буурахгүй байх Засгийн газрын тогтоол гарсныг бас тодотгох нь зүйтэй” гэсэн бол, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэл бол төвлөрөл, нягтрал, бөөгнөрлийг агуулсан ойлголт. Төвлөрлийг задлахын тулд зах, худалдааны төвүүдийг нүүлгэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг олон ажил багтана. Дэлхийн томоохон хотуудын шүдний өвчин нь түгжрэл байсаар байна. Тэд бүгд л явган зорчигчид чиглэсэн ажил хэрэгжүүлж байгаа” гэсэн юм.
Түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгон, үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Үүнд
- Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Нийтийн тээврийг шинэчлэх
- Газар чөлөөлөх
- Шинээр гол болон туслах авто зам, замын байгууламж барих
- Яармаг дэд төв байгуулах
- Явган хүний болон дугуйн замыг шинэчлэх
- Гарааш болон хашаа, хайс буулгах
- Уулзварыг дахин инженерчлэх зэрэг ажлууд багтаж байгаа юм байна.