Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцэв.
Орон
нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ,
хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн
удирдлага гэсэн 5 үе шаттай хэрэгжих хуультай. Энэ оны хувьд Сангийн яамнаас Орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх
төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахим хэлбэрээр авчээ. Энэ оны 4 дүгээр сарын 15-наас 2 сарын хугацаанд зохион байгуулсан санал
асуулгын дүнгээр иргэд 1,140,376
төсөл хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх санал ирүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбайд
амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах
216,157 санал ирсэн байна. Мөн гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт,
орон сууцны байрны гадна дулаалгын засвар, цахилгаан шугам хүчдэлийг
сайжруулах, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж
зэрэгт хамгийн олон санал иржээ. Мөн автозамын засвар шинэчлэл, орон сууцны
байрны дээвэр засвар, үерийн ус зайлуулах суваг шуудуу, хоолой хийх,
ногоон байгууламж нэмэх зэрэгт иргэд саналаа өгснийг эрэмбэлж, иргэний нийтлэг эрх ашгийг
хангахуйц төслийг эхлээд санхүүжүүлэх аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгч Л.Ариунтуяа “Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах саналыг голчлон өгсөн. Иймд нийслэлийн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийг татахад бодлогооо чиглүүлж, анхаарах хэрэгтэй” гэсэн бол төлөөлөгч Б.Нэргүй “Сангийн хөрөнгөөр санхүүжүүлж буй ажлын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх цаг болсон” хэмээв. Энэ асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэнийг НИТХ-ын ХМТ мэдээллээ.