ДУНДГОВЬ: "Иргэдээ сонсъё" уулзалтад 400 гаруй иргэн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-14 15:34:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Сайнцагаан сумын 9 багийн иргэдтэй уулзаж, аймгийн бодлого, үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдийн асуусан асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, санал хүсэлтийг хүлээн авав.


“Иргэдээ сонсъё” хоёр дахь удаагийн тус уулзалтад 400 гаруй иргэн оролцож, аймаг, орон нутгаас баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, орон нутагт тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо илэрхийлжээ.


Иргэдийн зүгээс хүнсний аюулгүй байдал, үнийн өсөлт, төрийн үйлчилгээний албан хаагчдын харилцаа хандлага, цаг барих байдал, боловсролын тэгш хамралт, орчны тохижилт, гудамжны нохой, аж ахуйн нэгж байгууллагууд ажилчдынхаа НДШ-ийг төлдөггүй, худалдаа эрхлэгчид иргэдэд НӨАТ-ын баримт өгдөггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал, Сайнцагаан сумын иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, бүжгээр хичээллэх Соёлын төв байдаггүй зэрэг асуудлыг хөндлөө.


Цаашид ХБИ-ийн нийгмийн хамгааллыг сайжруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах, хоггүй цэвэр орчинд амьдрах болон бүтээн байгуулалтыг эвдэн сүйтгэхгүй байх иргэдийн хандлагыг сайжруулах нөлөөллийн ажил зохион байгуулах, хүүхдийн тоглоомын талбайг бусад хороололд нэмж байгуулах, түрээсийн орон сууц барих зэрэг санал гаргажээ.  


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат иргэдийн санал, хүсэлтийн дагуу төрийн байгууллагын албан хаагчид иргэдтэй, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах, ёс зүйгүй харьцах асуудлыг таслан зогсоох, Сайнцагаан сумын 2 дугаар сургууль, 1 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгасантай холбоотой холоос явж буй сурагчдыг нэгдсэн унаагаар тээвэрлэх боломжийг судлах, худалдааны төв захад худалдаж буй махны эрүүл ахуй, хүнсний дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний хугацаа хэтрэлт, чанарын хяналтыг сайжруулах, хүүхдийн тоглоомын талбайн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Санал, хүсэлтээ илэрхийлсэн иргэн бүр аймгийн удирдлагуудын иргэдтэйгээ ийнхүү уулзаж, санал хүсэлтийг сонсон, мэдээлэл өгч байгаад талархаж, иргэдээ сонсох ийм уулзалтыг цаашид улирал тутам зохион байгуулж байх хүсэлт гаргажээ.

Холбоотой мэдээ