АРХАНГАЙ: 17 хүртэлх насны хүүхдийн эрт илрүүлэг үзлэг хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-14 14:59:44

Архангай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 6 дугаар тогтоолын дагуу 5 дугаар сарын 1-нээс эхлэн эрт илрүүлэг үзлэгийг орон даяар зохион байгуулж эхэлсэн.

17 хүртэлх насны хүүхдийн эрт илрүүлэг үзлэгийг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд, 18-аас дээш насны иргэдийн үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хийж байна. Эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалтаар улсын хэмжээнд Архангай аймаг хангалтгүй үзүүлэлттэй гурван аймгийн нэг болж байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Үүний шалтгааныг үзэхдээ 17 хүртэлх насны хүүхдийг эрт илрүүлэг үзлэгт сум, өрхийн ЭМТ-үүд хангалтгүй хамруулж байгаа, мөн 18-30 насны залуучууд Нэгдсэн эмнэлэгт эрт илрүүлэг үзлэгтээ хангалтгүй хамрагдаж байгаатай холбоотой гэж үзжээ.

 

Тухайлбал, хамрагдалтын хамгийн бага хувьтай байгаа сум, өрхийн ЭМТ-үүдийн нэрийг дурдлаа. 5 хүртэлх насны хүүхдийн хамрагдалт Цахир сумын болон Эрдэнэбулган сумын "Ар мөнгөн чагнуур"  ЭМТ-үүд 0 хувьтай, Өгийнуур, Цэцэрлэг, Цэнхэр, Ихтамир, Хайрхан, Төвшрүүлэх, Хангай, Хашаат, Өлзийт, Булган, Батцэнгэл, Өндөр-Улаан, Эрдэнэбулган сумын 6-р багийн болон "Ар-манал" ӨЭМТ-үүд 0,7-25 хувьтай байгаа нь энэ насны хүүхдийг огт хянадаггүй гэж дүгнэж болохоор байгааг дурдлаа.

 

6-17 насны хүүхдийн хамрагдалт Ихтамир суманд 0,6, Цэцэрлэг 0,9, Ар-Манал ӨЭМТ 2,6, Өгийн сумын ЭМТ 3,5, Өндөр-Улаан 5, Цэнхэр 7, Цахир 12, Хангай 13, Чулуут 13, Эрдэнэмандал 15, Төвшрүүлэх 16, Жаргалант 19, Ар-Мөнхжин ӨЭМТ 20, Хайрхан сум 21, Хашаат 25, Ар мөнгөн чагнуур ӨЭМТ 27, Булган сум 28 хувьтай байгаа нь маш хангалтгүй байгааг мэдээллээ.

Иймд ЭМГ-аас хүүхдийн эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж, тайлан мэдээ явуулахыг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд чиглэл болгов.

Холбоотой мэдээ