Цэргийн дүйцүүлэх албан хаагчдыг гүнзгийрүүлэх шатны сургалтад хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-24 11:17:56

Нийслэлийн хэмжээнд ирэх сарын 21-нээс аравдугаар сарын 03 хүртэл Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтад хамруулах болжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр буюу энэ сарын 23-нд дээрх сургалтыг зохион байгуулах захирамж гаргасан байна. Захирамжийн дагуу сургалтыг Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэсэг, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэсэг, Налайх, Багануур, Багахангай дүүргийн гуравдугаар хэсэгт хуваарилан явуулах болжээ.

Сургалтад  шаардагдах  зардлыг гаргахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт үүрэг болгосан байна.

Сургалтын нэгдүгээр хэсгийг Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, гуравдугаар хэсгийг Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа В.Батболд нар хариуцан ажиллах аж.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ