ХОВД: Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-09 19:58:02

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймагтай олон жил хамтран ажиллаж ирсэн.


Найрамдалт харилцааг өргөжүүлэх зорилгоор Алтай аймгийн Засаг дарга Женнис Хадист санал хүргэж, энэ сарын 4-нд цахим уулзалт зохион байгуулжээ.


Энэхүү уулзалтын үeэр Булган-Такашикэн боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн авто замын АН-4 буюу баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг түшиглэн БНХАУ, ОХУ-ыг дамнасан хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, Булган-Такашикэн боомтоор мах экспортлох асуудалд хамтран ажиллах талаар санал солилцсон байна.


Уулзалтын үр дүнд Булган-Такашикэн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс болон ачаа тээврийн гарцыг шинээр нээж өргөжүүлэх, уул уурхайн зориулалтаар ашиглах тэсэрч дэлбэрэх болон тэсэлгээний бодисыг хууль, журмын дагуу нэвтрүүлэх, баруун босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орсон давуу талыг ашиглан бараа эргэлтийг сайжруулахад хоёр тал санал нэгджээ. Мөн ирэх оноос хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх, үүний хүрээнд олон улсын нислэгийн хуваарьтай болох, боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг боомтыг холбосон авто зам, төмөр замын хувийн хэвшлийн төслүүдийг дэмжих, Монгол Улсаас дулааны аргаар боловсруулсан махны экспортыг эрчимжүүлэх боломжтой талаар зөвшилцөлд хүрлээ.


Нөгөө талаас Такашикэн боомтын үйл ажиллагааг сайжруулж амралтын өдөр ажиллах цагийг нэмэгдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, шуурхай болгох чиглэлд анхаарах, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалттай холбоотой ачаа тээврийг саадгүй нэвтрүүлж ажиллахаа илэрхийлсэн гэж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.


Энэхүү уулзалт нь хоёр улсын хил залгаа аймгуудын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.



Холбоотой мэдээ