Агро аж ахуйг хослуулснаар ХАА-н тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Агроэкологи-Тогтвортой хөдөө аж ахуй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ХААИС, Монгол Улс дахь Польш улсын ЭСЯ-тай хамтран “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.
Польш, Болгар зэрэг жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, газар тариалангийн үйлдвэрлэлийг агроэкологи байдлаар хослуулан хөгжүүлж буй орнуудын төлөөлөл оролцсон уг хурал Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ХАА-н менежментийг сайжруулж тогтвортой байдлыг хангах “Стрийм” төслийн хүрээнд болов.
Хурлаар Польш улсын жимс, жимсгэнэ, ойн аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлж буй арга туршлагаас танилцуулав. Энэ талаар ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулбал, манай улсад агроэкологийг салбар дундын байдлаар хөгжүүлэх болсныг Польш улсын туршлага харуулж байна хэмээн тодотголоо. Мөн Польш улсын хүнсний агро аж ахуйн, Евро стандартад нийцсэн ХАА-н техник, тоног төхөөрөмжийг манай улсын ХАА эрхлэгч нао сонирхож буйг илэрхийлэв. Үүнийг ХХАААХҮЯ анхаарч ажиллаж байна гэв.
Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын эрсдэлтэй нөхцөл байдалтай манай улсын хувьд ойн агро аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан, бие биеэ нөхсөн, тэтгэсэн байдлаар хөгжүүлэх нь цаашид тогтвортой ХАА-н үйлдвэрлэлийг бий болгох үндэс болно гэдгийг тэрбээр онцолж байв.
Хуралд Польш, Болгар улсаас ирсэн эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд, манай улсын экологи, хөрс хамгаалал, ойн аж ахуй зэрэг агроэкологийн чиглэлийн эрдэмтэн, судлаач нар оролцож шинжлэх ухаанд суурилсан хөдөө аж ахуйг, ялангуяа манай орны хувьд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх цаг ирснийг онцолж, энд хамтын ажиллагаа чухал байгааг тэмдэглэн хэлж байлаа.
Гэрэл зургуудыг Н.Батбаяр