Америкчууд эдийн засгийн байдалдаа сэтгэл дундуур байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-11-08 16:11:46

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-д завсрын сонгууль явагдаж буй энэ үед эдийн засгийн байдалдаа сэтгэл дундуур байгаа иргэдийн тоон үзүүлэлт 2010 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрснийг “NBC” телевизийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд явуулсан санал асуулгад оролцогчдын 81 хувь нь эдийн засгийн байдалд ямар нэгэн байдлаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол ердөө 19 хувь нь сэтгэл хангалуун байна хэмээн хариулсан байна.


Ийнхүү эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь сонгуулийн өдөр Ардчилсан намынханд томоохон үр дагаврыг авчирч магадгүй байна. Эдийн засгийн байдалдаа сэтгэл дундуур байгаа хүмүүсийн тоо хамгийн сүүлд 2010 оны сонгуулийн үеэр ийм түвшинд /84 хувь/ хүрч байжээ.


Тухайн онд Бүгд найрамдах намынхан Төлөөлөгчдийн танхимын 63 суудлыг авснаар 1940-өөд оны сүүлээс хойш Конгрессын доод танхимд хамгийн нөлөө бүхий хяналт тогтоосон намаар тодорч байсан ажээ. 

Холбоотой мэдээ