БАЯН-ӨЛГИЙ: Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн нутгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-02 16:28:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээллийг сонсов.


Танилцуулгыг тус газрын дарга Б.Нургулан хийв. Тэрээр хэлсэн үгэндээ, “Баян-Өлгий аймгийн 13 сумын 96 багт 9845 малчин өрх, 15539 малтай өрх байна. 2022-2023 оны өвөл аймгийн хэмжээнд 2 сая 583 мянга, хонин толгойд шилжүүлснээр 4 сая 406 мянган толгой мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа.


Аймгийн дүнгээр нийт нутгийн 10 орчим хувьд малын өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин 30 хувьд нь бэлчээрийн даац 1-3 дахин, 60 гаруй хувьд нь 3-аас дээш буюу олон дахин хэтэрсэн. Иймд малчид өөрийн сумын нутагт мал сүргээ онд эсэн мэнд оруулах боломж муу байгаа тул хил залгаа аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэрэгт эртнээс анхаарч, зөв зохицуулалт хийх шаардлагатай байна” гэдгийг онцоллоо.


Онцгой комиссын хуралдаанаар мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг үндэслэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл нөөцлөх, хөрш зэргэлдээ аймаг, сумдын нутагт мал оторлуулах ажлыг сайтар зохион байгуулах асуудлаар сумын удирдлагуудад чиглэл хүргүүлэхээр болов. 

Холбоотой мэдээ