Мэлхийт хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Нийслэлийн тугийг мандууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон үе үеийн удирдлага, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуур цэнгүүллээ.
Тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг
Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын
нийслэлийн үүслийг тавьсан юм. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778
онд Богдхан уулын ар, Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны
хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав
тавьжээ. Энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлахаар тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг
босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай билээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Д.Сумъяабазар “Намрын адаг сарын нар хур тэгширсэн, билигт сайн өдөр Улаанбаатар
хотын ой тохиож байна. Нийслэлийн төлөө зүтгэж ирсэн үе үеийн удирдлагууддаа талархал илэрхийлье.
Цаашдаа улсын нийслэл Улаанбаатар
хотын хөгжил дэвшил улам бадарч,
монголчуудын амьдрал өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлье” хэмээснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй
харилцах газар мэдээллээ.
Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин
Ч.Батсайхан цэнгүүлж, “Миний Улаанбаатар” дууг Улаанбаатар театрын гоцлол
дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг дуулав. Мөн нийслэлийн ойн
өдрөөр шинээр гал голомтоо бадрааж буй хосод Хотын дарга бэлэг гардуулж, аз
жаргал хүссэн юм.
Мөн нийслэлийн удирдлагууд Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв.