Хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргийн 65 хувь нь залилантай холбоотой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-10-28 10:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХЯ-наас Гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хохирсон хэргийн талаарх судалгаа, бусад ажлын талаар өнөөдөр мэдээллээ.


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой, хохироосон хэргүүдийг мэдээлнэ гэж байсны дагуу Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэг ажиллаж өнөөдөр хурлаа хийн мэдээлэл өгөв.


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, “Монгол Улс авлигын индексээ бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахгүйгээр эдийн засгаа тэлэх талаар ярих боломжгүй” гэдгийг тодотгов. Тэрбээр, өнгөрсөн 10 жилд хууль хяналтын байгууллагаар шалгаж, хэрэг нь хаагдсан, одоо шалгаж байгаа, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийг танилцуулав. Тодруулбал, АТГ-аас тав, ЦЕГ-раас 50 гаруй хэргийн материал ирүүлжээ.


АТГ-аас ирүүлсэн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаанд гурван хэрэг, хэрэгсэхгүй болгосон болон хаасан тус бүр нэг, шүүхийн шатанд болон шүүхээр шийдвэрлэсэн мөн тус бүр нэг нэг хэрэг байна. Харин ЦЕГ-аас ирүүлсэн 50 хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд 12, хэрэгсэхгүй болгосон 14, хаасан 19, шүүхийн шатанд хоёр, шүүхээр шийдвэрлэгдсэн гурван хэрэг байна.


Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монголд хөрөнгө оруулж, хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хэрэг шүүхийн шатанд, дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Нийт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх хувь буюу 65 хувь нь залилах, бусад нь хөрөнгө завших, мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэргүүд байна.


ХЗДХЯ-наас хийсэн мэдээллийн хуралд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төлөөлөл оролцлоо. Ерөнхий сайдын 2021 оны 153 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ, Гадаадын иргэн харьяатын газар, ШШГЕГ, Тагнуулын ерөнхий газрын удирдлага ажиллаж байгаа юм.


Тодруулга: Манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай 20 мянга орчим компани, ААН бүртгэлтэй байгааг ХЗДХЯ-наас мэдээлж байна.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ