Монгол Улс 2025 он гэхэд жилд 20 тн зөгийн бүтээгдэхүүн экспортлохыг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад зөгийн балын экспортын кластер байгууллаа. Кластер байгуулж буй нээлтийн үеэр нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын дунд “Зөгийн балын экспортод бид бэлэн үү?” хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
МҮХАҮТ нь “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү
өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах” MONMAP төслийн багтай зөгийн
балын кластер байгуулах, орон
нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих туршилтын төсөл
хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.
“Зөгийн балын кластер” ТББ-ын УЗ-ийн дарга М.Нарантуяа тус
кластер нь гишүүддээ олон улсын зах зээлд нэвтрэх, экспорт хийхэд техник,
технологи, арга зүйгээр туслах, сургалт,
үзэсгэлэн зохион байгуулах, олон улсын болон бусад эх үүсвэрээс санхүү, санхүүгийн бус дэмжлэг авахад
зориулсан төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Монголын зөгийн бүтээгдэхүүний
үнэ цэнийг өсгөх, экспортын хэмжээг нэмэх хүрээнд 2025 он гэхэд жилд 20 тонн
зөгийн бүтээгдэхүүн экспортлохыг зорьж байна хэмээв.
“Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн
сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах” MONMAP төслийн мэргэжилтэн Акио
Нишиами төслийн хүрээнд хийж буй ажлаа танилцуулахдаа, зөгийн балын кластерын үйл
ажиллагаанд тулгарах сорилтыг давахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлснийг МҮХАҮТ мэдээллээ.
“Зөгийн балын кластер” ТББ-ын гүйцэтгэх захирал Ибукуро
Томоко, “Монгол Улсаас
экспортод гарч буй зөгийн балын хэмжээ маш бага, импортын хэмжээ их байна. Үүнд
нөлөөлж буй хүчин зүйл нь дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтын чадавх,
тогтолцооны боловсронгуй бус байдал юм. Экспортын эрэлтийг хангах нийлүүлэлтийн
систем бий болгож энэ байдлыг
залруулахыг зорьж байна. Үүнд
холбогдох төрийн байгууллага, нэмүү
өртгийн сүлжээнд оролцогч талуудын оролцоо чухал” гэлээ.
Европын Холбооны Монголын худалдааг дэмжих TRAM төслийн хүрээнд байгуулсан Монголын экспортын кластерын сүлжээ, чацарганын бүтээгдэхүүнийг Европын холбооны улс руу экспортолсон тухай эксперт Карл Клрюг танилцуулав. Тэрбээр ЕХ-ны импортын гаалийн тарифын хөнгөлөлт олгох систем буюу “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем”-ийн дагуу Монголоос зөгийн бүтээгдэхүүнийг экспортлоход гаалийн татвараас 70 хувь хөнгөлөх боломжтойг танилцуулаад, хүнсний бүтээгдэхүүний чанарын өндөр шаардлагыг хангах хэрэгтэйг онцлов.