Орхоны оюутнууд Засаг даргын нэрэмжит “Урамшууллын тэтгэлэг”-т хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-22 16:23:39
oyuka_hu@yahoo.com

Энэ жилээс эхэлж Орхон аймгийн оюутан, залуус сургалтын тэтгэлэгт хамрагдана.

Үүнийг “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд өнгөрсөн онд “Залуучуудын зөвлөл”-ийг байгуулсан юм. “Залуучуудын зөвлөл”-ийн даргаар  аймгийн Засаг дарга Д.Батлут, гишүүдээр Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын газрын дарга, мэргэжилтэн болон  төрийн бус байгууллагын төлөөлөл  ажилладаг юм. Тэтгэлгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. “Оюутны тэтгэлэг”-т хамрагдах шалгуур үзүүлэлтэд, ерөнхий боловсролын сургуулиа “А” үнэлгээтэй төгссөн, Элсэлтийн Ерөнхий шалгалтын оноо 700-аас дээш, Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлээр суралцаж байгаа болон Үндэсний Статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэн байх юм. “Оюутны тэтгэлэг”-ийг жилд 10 хүртэлх оюутанд олгоно.

Тэтгэлгийн хүрээнд  Орхон аймгийн иргэн Монгол улсын атестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад анх удаа элсэн сурч байгаа бол сар бүр 70 мянган төгрөг буюу жилд 700 мянган төгрөгийн санхүүжилт авна.  

Мөн уг хурлаар Засаг даргын нэрэмжит “Урамшууллын тэтгэлэг” журмыг батлав. Уг журмын дагуу гадаад болон дотоодын их, дээд сургуульд өдрийн ангид магистр, докторын зэрэг хамгаалахаар сурч буй оюутанд жилд нэг удаа 1-3 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгоно. Эл урамшууллыг жилд 3 хүртэлх оюутанд буцалтгүй олгох юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ