“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл”-ийн талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-24 13:14:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Худалдааны танхимаас “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Олон улсын жишгээр төр, хувийн хэвшил хамтран нийгмийн болон дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлэхдээ “Төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн механизмуудыг ашигладаг. Хуулийн төсөл нь хэт давуу эрх мэдлийг төрийн нэг байгууллагад олгосон, олон хяналт, шалгалтыг давхардуулж байгаа, хувийн хэвшлийнхэн төрийн байгууллагатай ажиллахад гардаг хүндрэл бэрхшээлийг хуулийн төслөөр дамжуулан засах, үүнийгээ хувийн хэвшлийн компаниудад танилцуулах талаар ярилцаж байна.


“ТХХТ-ын тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 60 зүйлтэй. Энэ хуулийг баталвал ТХХТ-ийн асуудал хариуцсан яам эсвэл агентлаг, ТХХТ-ийн төв шинээр байгуулж, эдгээр нь Сангийн яамтай хамтран дараах ажлыг хийх боломжтой. Тухайлбал, төслийн санал хүлээн авах, урьдчилсан үнэлгээ хийх, төслийн үнэлгээг Засгийн газраар хэлэлцүүлэх, батлагдвал Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрт оруулан УИХ-аар батлуулах, төслийн нэгдсэн үнэлгээ, ТЭЗҮ хийх, төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах, сонгосон компанитай гэрээ байгуулах, хэрэгжилтийг хянах, зөвлөгөө өгөх, шаардлагатай бол төслийг зогсоох, төсвийн үр дүнд бий болсон өмч хөрөнгийг төрд шилжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг ажил, үүрэг, хяналт шалгалт хийж шийдвэр гаргах юм.



Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Чимидсүрэн ярихдаа, “Энэ хууль нь олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, ил тод, зөв менежменттэй, урт хугацаанд өрсөлдөөнийг дэмжсэн зарчимд тулгуурлана. Мөн батлан хамгаалах, уул уурхай, банк санхүүгээс бусад салбар тодруулбал нийтийн зориулалттай дэд бүтэц, зам тээвэр зэрэг салбарт үйлчилнэ. Ингэхдээ хувийн хэвшил эрсдэл, менежментийн харилцаа хүлээдэг, төлбөрийг гүйцэтгэлтэй уялдуулан төр эсвэл хэрэглэгч төлдөг хэлбэр юм. Энэ нь эрсдэлийг хувийн салбарт тэнцвэртэй хуваарилах, төсвийн зардлыг урт хугацаанд багасгах, инновац технологи, хөрөнгийн ашиглалтын чанарыг сайжруулах, Засгийн газрын авах зээлийг багасгана” хэмээв.


Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зам, барилга, дэд бүтцийн олон төсөл санаачилдаг ч ийм төрлийн том төсөл  хэрэгжүүлэхэд төрийн бодлого, санхүүгийн бус бусад дэмжлэг хэрэгтэй ч төрөөс дэмждэггүй. Иймд олон улсад “Төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн аргаар томоохон төслийг хамтран хэрэгжүүлдэг. Одоогоор Монгол Улсад эхний алхам болгож концессын аргыг ашиглаж байгаа ч энэ нь төсөвт дарамт болдог. Харин ТХХТ-ийн бусад аргыг хуульчлан хэрэглэснээр томоохон төслийг хэрэгжүүлэхэд төсөвт дарамт болохгүй давуу талтайг оролцогчид ярьж байлаа.  


Хэлэлцүүлэг Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөлөл оролцож байгаа бөгөөд хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг нэгтгэн УИХ-ын ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлэх аж. 

Холбоотой мэдээ