Р.Сунак Консерватив намын даргын өрсөлдөөнд нэрээ дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-10-24 12:22:33

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Сангийн сайд асан Риши Сунак эрх баригч Консерватив намын даргын өрсөлдөөнд оролцоно гэдгээ ням гарагт мэдэгджээ.


Р.Сунак өнгөрсөн пүрэв гарагт огцорч буйгаа мэдэгдсэн Ерөнхий сайд Лиз Трассын халааг авах өрсөлдөөнд нэрээ дэвшүүлсэн гэдгээ “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.


Нэр дэвшүүлэх үйл явц даваа гаргийн 14:00 цагт дуусах бөгөөд нэр дэвшигчид Нийтийн танхим дахь Консерватив намын фракцаас хамгийн багадаа 100 гишүүний дэмжлэг авах шаардлагатай юм.


Британийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Р.Сунак 120 гаруй гишүүний дэмжлэг аваад байгаа бол Ерөнхий сайд асан Борис Жонсон 50 гаруй, Нийтийн танхимын дарга Пенни Мордонт 20 гаруй санал аваад байна.


П.Мордонтын хувьд намын даргын албан тушаалын төлөөх өрсөлдөөнд нэрээ дэвшүүлнэ гэдгээ хэдийнээ мэдэгдээд байсан юм.


Р.Сунак “Twitter” хуудсандаа, “Их Британи агуу орон боловч бид бүхэн эдийн засгийн гүн хямралтай тулгараад байна. Миний бие эдийн засгаа засан тохинуулж, намаа нэгтгэж, эх орныхоо төлөө зүтгэхийг хүсэж байна” гэж нийтэлжээ.


Сангийн сайд аснаас өөр нэр дэвшигч тодорсон тохиолдолд Л.Трассын халааг авах хүнийг парламент дахь намын гишүүдийн санал хураалт болон намын гишүүдийн цахим санал хураалтаар шийдвэрлэх юм. 

Холбоотой мэдээ