“Спорт дахь тогтвортой байдал” хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-21 12:54:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний олимпын хороодын холбооны 26 дахь удаагийн Ерөнхий ассамблейн төлөөлөгчдөд зориулан “Спорт дахь тогтвортой байдал”, “Спортын нэр хүндийг хэрхэн хамгаалах вэ?” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

Цаг уурын өөрчлөлт болон тогтвортой байдлын асуудлыг дэлхий дахинд нэн тэргүүнд авч үзэж, анхаарал хандуулж байгаа энэ цаг үед нийгэмд эерэг  хандлага төрүүлэхэд спортын оруулах хувь нэмэр, стратеги төлөвлөгөөг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлэлцэв.

 

ҮОХХ-ноос Үндэсний олимпын хороодыг цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд нэгдэж, өөрийн улс орондоо спортын эко систем хэрэгжүүлэхийг уриаллаа гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

 

Мөн тамирчид шударгаар өрсөлдөх аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарч, спортын ертөнцийн бараан тал болох сэргээш, тэмцээн уралдаанд булхайцах, урьдчилан тохиролцох, авлига, тоглолт наймаалцах зэрэг асуудлын эсрэг Үндэсний олимпын хороод, Олон улсын болон үндэсний спорт холбоод хамтран тэмцэх, тухайн улс орны Төр засаг, холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран дүрэм журам боловсруулах, бооцоо тавихын эсрэг тэмцэх зэрэг олон асуудлаар талууд хэлэлцэж байна.  

 

Хэлэлцүүлэгт оролцож буй ҮОХ-д энэ төрлийн хэлэлцүүлэг, сургалтыг анх удаа зохион байгуулж буй ҮОХХ-д талархал илэрхийлээд цаашид эдгээр асуудлаар тогтмол хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Холбоотой мэдээ