“Japan Post” шуудан зөөдөг робот туршиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2022-10-20 09:54:22

ТОКИО. /NHK/. Японы “Japan Post” шуудан, ложистикийн үйлчилгээ үзүүлэгч компани шуудан илгээх хүмүүс дээр очиж, илгээх шууданг нь хүлээн авдаг роботыг туршиж байна.


Энэхүү туршилтыг Японы төвийн нутгийн Нагоя хот дахь нэгэн оффисын барилгад явуулж байгаа бөгөөд түрээслэгчид шуудан илгээх шаардлагатай болсон үедээ барилгын ложистикийн төвтэй холбогдох шаардлагатай байна.


Ийнхүү шуудангийн ажилтан таблет ашиглан шаардлагатай мэдээллүүдийг оруулсны дараа робот өөрөө цахилгаан шатанд суун шуудан илгээх хүний оффист хүрч очиж, шуудан илгээгч урьдчилан бүртгүүлсэн нууц үгээ оруулснаар илгээмжээ хүлээлгэн өгнө.


“Japan Post” компани хэрэглэгчдээ оффис, гэртээ эзгүй үед нь шуудан хүлээн авах, хүргэх үйлчилгээгээ илүү үр өгөөжтэй болгоход роботуудыг ашиглахыг зорьж байгаагаа мэдээлжээ.


Тус компанийн төлөөлөгч Нишижима Ютакагийн ярьснаар, роботууд өглөө эрт, мөн шөнө оройн цагаар хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээн авах боломжтой учир ирээдүйд илүү уян хатан үйлчилгээг санал болгоно гэдэгт найдаж байна.


Мөн Японы эрх баригчид ирэх оны эхэн үеэс нийтийн эзэмшлийн зам талбайд автомат жолоодлоготой хүргэлтийн роботуудыг ажиллуулах журмыг хялбарчлахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ