Үндэсний сурын харвааны УАШТ тэмцээн өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-22 03:20:39

Үндэсний сурын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Баян-Өлгий аймагт 36 жилийн дараа зохион явагдаж байгаа энэхүү тэмцээнд 18 багийн 265 харваач оролцов.
Халх сурын багийн харваанд  “Алдар” спорт хороо тэргүүлж,  “Хилчин” спорт хороо дэд байр,  “Петровис” ХХК-ийн баг гутгаар байр,  Өмнөговь аймгийн баг 4-р байр, “Монде” баг 5-р байраар  шалгарлаа.
Цуваа харваанд эрэгтэй 280, эмэгтэй 70 харваач оролцсон.
Эрэгтэй багаас  Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат, “Хангарьд” спорт хорооны харваач МУ-ын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 35 оноогоор тэргүүлж,  Баян-Өлгий аймгийн харъяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны харваач, спортын мастер Ц.Энхтүвшин 35 оноогоор дэд байр,  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Хангарьд” спорт хорооны харваач, МУ-ын гавъяат тамирчин, даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү 34 оноогоор гутгаар байр,  Ховд аймгийн харъяат, “Хангарьд” спорт хорооны харваач, МУ-ын гоц мэргэн Л.Отгонбаяр 34 оноогоор 4-р байр,  Увс аймгийн харъяат, “Хилчин” спорт хорооны харваач, спортын дэд мастер Л.Ихтэс 34 оноогоор 5-р байраар шалгарлаа.
Эмэгтэй багаас  Дорнод аймгийн харъяат, “Монде” багийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа 38 оноогоор тэргүүлж,  Сэлэнгэ аймгийн харъяат, “Алдар” спорт хорооны харваач, МУ-ын хошой мэргэн С.Энхтунгалаг 37 оноогоор дэд байр,  Увс аймгийн харъяат, “Алдар” спорт хорооны харваач, МУ-ын мэргэн Д.Норжмаа 36 оноогоор гутгаар байр,  Сүхбаатар аймгийн харъяат, “Петровис” ХХК-ийн харваач, спортын дэд мастер Б.Аззаяа 35 оноогоор 4-р байр,  “Хилчин” спорт хорооны залуу харваач З.Пэрэнлэймаа  35 оноогоор 5-р байрыг эзэллээ.

Шинээр зургаан харваач спортын мастер, найман харваач спортын дэд мастерын болзол хангасан. Үүнд: Спортын мастер: Л.Ихтэс, П.Баярсайхан, Бадамсамбуу, Б.Ууганбаяр, Б.Аззаяа,З.Пэрэнлэймаа, спортын дэд мастер: Н.Алтансүх, Б.Галмандах, Ө.Баянбаатар, Д.Давгадорж, Давгасүмбэрэл, Ж.Эрдэнэхүү, Нарангариг, Л.Хонгорзул байлаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ