Нийслэлийн замын хөдөлгөөний техник хэрэгсэл 450 мянган автомашины хөдөлгөөнийг зохицуулах боломжтой

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-10-17 10:00:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг улсын дугаараар оролцох хязгаарлалт хийгээд 10 жил болжээ. Мэдээжийн хэрэг, энэ шийдвэр тухайн үедээ “0” зогсолт хийхэд хүрсэн нийслэлийн замын хөдөлгөөнд шинэчлэл байсан нь ойлгомжтой. Гэхдээ зарим иргэнд хоёр дахь машин худалдаж авах нөхцөлийг бий болгожээ. Тухайн хүн 2 машинтай болсноор дугаарын хязгаарлалт түүнд нөлөөлөхгүй байх байдлыг хувь хүнд бүрдүүлсэн нь нийслэлд бүртгэлтэй автомашины тоог дээрх байдлаар өсгөсөн бололтой. Эргээд харахад үүссэн нөхцөл байдлыг шийдэх гэсэн захиргааны энэ шийдвэр автомашины тоог 30 хувиар өсгөсөн гэдэг. Болж өнгөрсөн энэ мэт үйл явдал нь цаг хугацаа цаашлах тусам захиргааны арга явцгүй болсныг харуулав гэлтэй.


Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн зун /2022 он/ автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөн оруулах тухай шийдвэр гаргахын тулд иргэдээс туршилтын журмаар цахимаар хэсэгчилсэн санал хураалт  авсан. Санал хураалтад оролцсон иргэд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах шаардлагатай болсон нөхцөлд дандаа захиргааны аргаар шийдвэрлэх гэж зүтгэвэл амжилт олохгүй гэдгийг дээрх үйл явдал дахин нотолсон гэж хэлж болно. Энэ нь тулсан нөхцөл байдал үүсэхэд захиргааны арга хэмжээ огт авч болохгүй гэсэн үг бас биш ээ. Нийслэлийн замын түгжрэлийг ямар аргаар бууруулах вэ? Энэ асуултад төрөл бүрийн хариулт байдаг. Тэднээс хамгийн түгээмэл нь нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах гэсэн хариулт байдаг. Нийслэлийн нийтийн тээвэрт 1000 орчим автобус 74 чиглэлд өдөрт 650 000 иргэнд (2019 оны байдлаар) үйлчилгээ үзүүлдэг гэсэн тоон үзүүлэлт бий. Гэхдээ үйлчилгээний чанар, хүрэлцээнд байнга асуудал сөхөгддөг. Ялангуяа өвөл хүйтэн, удаан хүлээлгэдэг, орой эрт зогсдог гэх гомдлыг нийслэлийн нийтийн тээвэр араасаа дагуулдаг. Дээр нь техникийн шинэчлэл одоогоор хоцрогдолтой байна. Тухайлбал, 2021 оны 9 дүгээр сард нийтийн тээврийн 537 автобусны хугацааг (12 жил) дууссан гэдэг үндэслэлээр сунгасан байгаа. Энэ бол нийтийн тээвэрт техникийн шинэчлэл хийх гол шаардлага.


Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэхэд эхний ээлжид 124 чиглэлээр 1432 автобус хэрэгтэй гэсэн тооцоолол гарчээ. Тэгэхээр энэ хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл хийгдэх учиртай. Энэ талаар өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй нь ойлгомжтой. Гэвч зорчигчдын хэрэгцээг хангах хэмжээнд хүрээгүй байгаа. Ийм шинэчлэлд сүүлийн 2 жил хүчтэй нөлөө үзүүлж байгаа зүйл нь дэлхий нийтээр тархсан цар тахал. Тэр дотроос БНХАУ-ын ковидын эсрэг ”0” зогсолт, хилийн хорио хүчтэй хэвээрээ байна. Нийслэлийн хүн тээвэрт давхар автобусыг 2020 оны зургаадугаар сарын 14-нөөс эхлэн 5 шар офицеруудын ордон буюу төв замд туршсан байна. Туршилтын хугацаа дуусаж, нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар дээрх төрлийн 10 автобус 2022 оны 6 дугаар сарын 2-ноос оруулж явуулж эхэлсэн. Тухайн үед энэ давхар 10 автобуснаас гадна нь энгийн 91 автобус орж иржээ.


Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хөрөнгө оруулалт жилд 40 тэрбум орчим төгрөгөөр хязгаарлагдаж байсан. Засгийн газраас Улаанбаатар хотод дэмжлэг үзүүлэх үүднээс энэхүү хөрөнгө оруулалтыг үндсэндээ 10 дахин нэмсэн. Жил бүр 420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг бууруулахад зарцуулна. 2024 он хүртэл нийтийн тээврийг хоёр үе шаттайгаар бүрэн шинэчлэх зорилт тавьж байгаа юм. Энэ бодлогын хүрээнд эхний ээлжинд хүүхдийн болон нийтийн тээврийн автобус орж ирээд байна. Дээр нь сурагчдын автобусыг нэмэгдүүлэхийн сацуу нийтийн тээврийн богино эргэлтийг бий болгоно. Хөдөө орон нутагт шилжин суурьших хөдөлгөөнийг дэмжиж, Улаанбаатар хотын хэт төвлөрөлд анхаарч ажиллахгүй бол улам хүнд түвшинд хүрэхээр байгаа. Эх, үрсийн баярын энэ өдөр хүүхдийн автобуснууд ирсэнд бэлгэшээж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй нийтийн унаатай боллоо. Нийтийн тээвэр бол хамгийн аюулгүй, хамгийн тохилог, хамгийн хурдан унаа байх ёстой” гэж хэлж байжээ.


Нийслэлийн нийтийн тээврийн автобусыг зөвхөн офицеруудын ордноос 5 шар хүрэх чиглэлд замын нэгдүгээр эгнээгээр явуулдаг. Бусад чиглэлд хүн тээврийн автобус ийм давуу эрх эдлэхгүй. Энэ нь нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрэх чадварыг доройтуулж байна гэлтэй. Автобус замын 1 дүгээр эгнээгээр явдаг ганцхан чиглэлд хэсэгчлэн хэрэгжүүлж байгаа захиргааны шийдвэрийн хүрээг өргөжүүлж зарим чиглэл замд автобусыг 1 дүгээр эгнээгээр явуулах хэрэгтэй болов уу. Тухайлбал нийслэлийн 3, 4 дүгээр хорооллын гол зам ч байдаг юм уу. Түүнтэй адил олон чиглэл давхарддаг зарим нэг гудамж, замд хэсэгчилсэн захиргааны шийдвэр авахад болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд 5 шар-Мөнгөн завьяа чиглэлд автобусны богино эргэлтээр явуулах захиргааны түр шийдвэр гаргасан нь нүдээ олоогүй. Тодруулбал, төв дундах эцсийн зогсоол буюу Цэцэг төв дээр эргэх боломжгүйгээс болоод дээрх шийдвэр үргэлжлээгүй. Нийтийн тээврийн чиглэлийн эцсийн зогсоол эргэлтийг зөв зохион байгуулахгүй бол захиргааны шийдвэр энэ салбарт насгүй юм билээ. Түүнээс гадна нийтийн тээврийн нэвтрэх чадвар, тоог нэмэхэд замын хөдөлгөөнд оролцох автомашины тооноос гадна олон зүйл шууд болоод дам нөлөө үзүүлдэг гэх. Тэдгээрийн нэг нь хэдий хэмжээний орон зайд замын хөдөлгөөнийг ямар тоног төхөөрөмжөөр хэрхэн зохицуулж байгаа талаар авч үзье.


Нийслэлийн хэмжээнд явган болон автомашины 150 орчим гэрлэн дохионы зохицуулалт, хяналтын, зөрчлийн зэрэг олон чиг үүргийн 200 орчим камер 24 цагаар ажилладаг. Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-тай хамтран Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ) дээрх үйл ажиллагааг өдөр тутам явуулдаг юм байна. Замын цагдаа 39 хяналтын камерын тусламжтайгаар уулзвар дээрээс станцаар ЗХУТ-рүү холбогдон түгжрэл үүсгэхгүй байх үүднээс замын хөдөлгөөнийг зохион байгуулдаг байх юм. Нийслэлийн замын хөдөлгөөний техник хэрэгсэл өдөрт дунджаар замын хөдөлгөөнд оролцох 450 мянга орчим тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах боломжтой аж.

Холбоотой мэдээ