Ж.Сүхбаатар: Захиргааны, эдийн засгийн, бодлогын цогц арга хэмжээг авч байж түгжрэлийг бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-13 16:45:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж сэтгүүлчидтэй уулзав.  


Тэрбээр уулзалтын эхэндээ түгжрэлийг буруулах хол, ойрын олон арга, шийдэл байгааг дурдаад, бид юуны өмнө түгжрэл юунаас үүсэж буй шалтгаан нөхцөлийг судалж тогтоогоод байна. Ингэснээр хамгийн эхэнд хийж хэрэгжүүлэх гол ажлаа тодорхойлж, нийтийн тээврийн шинэчлэл, өөрчлөлтөөс эхэлж байгаа. Ер нь бол түгжрэлийг бууруулах 3 үндсэн аргыг хэрэглэнэ. Үүнд:

  • Нэгд, захиргааны арга. Энэ нь зайлшгүй авах ёстой зохицуулалтын арга хэмжээ бөгөөд энд нэг хэсгийн эрх, үүргийг зохицуулахдаа олон нийтийн эрхийг орхигдуулж болохгүйг онцлов.
  • Хоёрт, эдийн засгийн арга. Энэ нь торгууль, төлбөртэй холбоотой арга хэмжээ бөгөөд гол нь энд технологийн шийдлийг хяналтын механизмтай хамт хэрэгжүүлнэ.
  • Эцэст нь түгжрэлийн эсрэг хуультай болж түүндээ татвараар хандах зэргээр бодлогын аргыг тусгаж хэрэглэнэ гэв. Түүнээс түгжрэлийг бууруулах зарим гол арга хэмжээ болон хийж зохицуулах ажлын талаар тодруулав.


-Нийтийн тээврийн шинэчлэлийг юунаас эхэлж, юуг яаж өөрчлөх гэж байна?

-Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах суурь асуудал юм. Энд хэрэгцээ, шаардлага нь юу байна гэвэл хотод 1432 автобус хэрэгтэй, 124 маршрут чиглэлээр ажиллах ёстой гэсэн тооцоог Нийслэлийн Нийтийн тээврийн газраас, мэргэжилтнүүд нь өмнө нь гаргачихсан юм билээ. Дээрх тооцоололд хүрэхэд юу дутаад байна гэхээр энэ онд 556 автобусны ашиглалтын хугацаа нь дуусч үйлчилгээнээс гарч байна. Ингэснээр автобус хүрэлцэхгүй болсон.

Мөн маршрут чиглэл нь дутуу байгаагаас иргэд богино эргэлт хийгээч хэмээн шаардаад байгаа нь бодит зүйл. Нийтийн тээврийн хүртээмж муу, найдвартай ажиллагаа алдагдсан. Тиймээс Засгийн газраас дэмжин төсөвт автобусны паркийг шинэчлэх хөрөнгийг суулгаж өгсөн. Гэхдээ нийслэлийн нийтийн тээврийг сайжруулна гэдэг нь зөвхөн парк шинэчлэлт биш юм.


Автобуснууд орж ирэхээр л түгжрэл буурах гээд байгаа юм биш. Энд нийтийн тээврийн зохион байгуулалт, үйлчилгээ, менежментийг дээшлүүлж шинэ түвшинд гаргах нь мөн зэрэгцэн тавих чухал асуудал. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүхэлд нь сайжруулж, шинэчилснээр иргэдэд ая тухтай, хурдан шуурхай зорчих нэг сонголт үүснэ.

Сонголттой болоод ирэхээр харин дараагийн ээлжинд хувь, хувьсгалын автомашинууд руугаа анхаарч, хариуцлагатай ухаалаг хэрэглээ рүү шилжих боломж үүснэ.

Дээр нь бид яавал иргэн бүр, жолооч бүр түгжрэлийг бууруулахад өөрийн зүгээс юу хийж чадах, юуг засч чадах гэсэн хандлагаар хандан, дүрэм журмынхаа түгжрэлийг тайлах хэрэгтэй байна. Энэ бүхэн нь нэг л суурь асуудал. Үүнийг бид амжилттай хэрэгжүүлж хийхгүйгээр бусад асуудлыг шийдэж чадахгүй.  




Статистик: Өнөөдөр Улаанбаатар хотын нийт өрхийн 55 хувь нь хувийн автомашинаар зорчиж байна.


-Та ухаалаг, тэгээд бас хариуцлагатай хэрэглээ рүү шилжинэ гэж байна. Үүнийгээ дэлгэрэнгүй тодруулна уу?

-Бид нийслэл хотын бүх гол уулзвар дээр хяналт, бүртгэлийн ухаалаг системийн төхөөрөмжийг нэмж суурилуулж байгаа. Гол ажил нь энэ сард дуусна. Энэ нь яадаг гэхээр тухайн машиныг таньдаг систем юм. Үүгээр дамжуулан бид автомашин, тээврийн бүх хэрэгслийг бүртгэж хянаж эхэлнэ. Үүнийг хүний эрхийг зөрчиж байна хэмээн шууд буруугаар ойлгох хэрэггүй. Тухайн машин торгуультай байна уу, бүртгэлтэй, даатгалтай байна уу, үзлэг онишлогоондоо орж уу зэргийг хянах юм. Ингэснээр жолооч нарыг хариуцлагатай болгоно.



Үүний өмнө бүх машинд ухаалаг системийг уншигч суурилуулна. Уг нь анх төлбөртэй суурилуулна гэж байсан ч энэ талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад, тодорхой хэмжээний төсөв хөрөнгийг зохицуулж хийснээр үнэгүй суурилуулахаар болсон. Эхний ээлжинд энэ ажлыг нийслэлд хийгээд ЗТХ-ийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдуудтай бид энэ талаар ажиллаж байгаа. Нэгдсэн нэг шийдвэр гаргаад улсын хэмжээнд, хот хөдөөгүй бүх тээврийн хэрэгсэлд ийм ухаалаг системийг нэвтрүүлэх юм.


 Сүүлийн жилүүдэд нийслэлийн гэр хороолол дунд нийт 300 гаруй км автозам тавьсан. Гэтэл үүний 29 км зам нь түгжрэлийг бууруулахад хэрэгтэй автозамын сүлжээнд холбогдох зам болохоос бус үлдэх км-ын замууд нь сонгуулийн үеэр сонгогчдын эрэлт, шахалт шаардлагатаар тавьсан байх жишээтэй.


 

-Нийслэлийн зарим төв уулзварт цагдаа нар өглөө, орой замыг хааж хязгаарлаад байна гэж иргэд, зорчигч нар бухимдаж, замын цагдаад буруу өгдөг. Энэ чинь зохицуулалтын л нэг арга биз дээ?

-Тиймээ, үүнийг манайхан цагдаа нар хөдөлгөөнийг татаад байна гэж буруу ойлгоод байдаг. Гэтэл энэ бол тийм биш, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс бусад уулзвар замд түгжрэл үүсч буй тул наад замаа түр зохицуул хэмээн замын цагдаад өгч буй команд, түүнийг нь биелүүлж буй явдал юм. Учир нь замын бүх хөдөлгөөн автомашинтайгаа, явган хүнтэйгээ дэлгэцээр гарч байгаа.

Тэнд нэг хоёр нөхрийн, манайхны нэг нэгнээ минут хүлээдэггүй, хүндэтгэдэггүйгээс гардаг ганц жижиг зөрчил, ослоос болж олон нийтийн хөдөлгөөнийг бүхэлд нь саатуулж, сааруулдаг. Түүнийг нь бусад зам, уулзварт байгаа хүн харахгүй шүү дээ. Тиймээс бид дрон нисгэж тэр бүхнийг харуулж, жолооч нарыг хариуцлагатай болгоно.




Мөн жолооч нарыг даатгалтай болгоно. Энэ нь юу гэсэн үг гэхээр бүгд даатгалтай болсноор бүртгэлтэй, бусад оронд байдаг шиг жижиг осол дээр заавал цагдаа, даатгал дуудахгүйгээр шуурхай зохицуулаад явах боломжтой болно.

Бүртгэл, даатгалтай болохоор асуудлаа газар дээр нь бус цаанааа шийдчихэж байгаа юм. Уг нь хуулиараа бүгд даатгалтай байж, даатгалгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй атал хотод явж буй нийт автомашины 40 хувь нь л даатгалгүй, 30-35 хувь нь үзлэг онишлогоонд ороогүй байна гэсэн мэдээ гарсан. Нөгөө талаар энд хяналт байхгүй, бид хөдөлгөөнөө хянаж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Тиймээс дээр дурдсан замын хөдөлгөөний буюу машин бүрийг хянах ухаалаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Холбоотой мэдээ