Ш.Батболд: Монголын тухай мэдээлэл нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн
МОНГОЛЫН МЭДЭЭХэнтий аймгийн Чингис хотноо энэ сарын 19-20-нд Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форум болж өндөрлөв. Уг форумд МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга, магистр Ш.Батболд оролцож, “МОНЦАМЭ агентлаг ба Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНЦАМЭ агентлаг ба Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улс, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн анхдагчдын нэг бөгөөд өнөөдөр ч энэхүү үүргээ амжилттай хэрэгжүүлж, шинэ зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна.
Анх 1958 оны 6 дугаар сарын 2-нд Бээжин хотноо МОНЦАМЭ, СИНЬХУА агентлагуудын хооронд байгуулсан мэдээ солилцох тухай хэлэлцээрээр СИНЬХУА агентлаг нь өөрийн дамжуулсан мэдээг Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч ашиглуулах эрхийг МОНЦАМЭ агентлагт хариуцуулан олгож байв. МОНЦАМЭ агентлаг ч өөрийн дамжуулсан бүх мэдээг БНХАУ-ын хэвлэл, радио нэвтрүүлэгт ашиглах эрхийг СИНЬХУА-д олгосон бөгөөд эндээс хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааны итгэлцэл, түншлэл шинэ шатанд гарсан гэж үзэж болохоор байна. Дээрх хэлэлцээрийн 3-р зүйлд “Харилцан тохирогч хоёр этгээдийн аль нэг нь хэлэлцээр байгуулагч нөгөө этгээдээс хүлээн авсан мэдээнд сайн санааны үүднээс талархалтай хандаж, мөнхүү орны дотоодын байдал, сүүлчийн үйл явдал, тэрчлэн нөгөө этгээдийн засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тухай хүлээн авсан мэдээг гуравдугаар этгээдээс авсан дээрх сэдэвтэй мэдээнээс илүүтэй итгэн хүндэтгэж үзэх үүргийг хэлэлцэн тохирогч хоёр этгээд харилцан хүлээв” гэсэн нь үүний нотолгоо юм.Нөгөө талаар МОНЦАМЭ, СИНЬХУА агентлагийн хооронд байгуулсан 1958 оны энэхүү хэлэлцээр нь хоёр орны хооронд мэдээлэл солилцох төдийгүй сэтгүүлчдээ харилцан айлчлуулдаг, Улаанбаатар, Бээжинд тус тусын тусгай сурвалжлагчийгтомилон ажиллуулдаг өнөөдрийн байнгын механизмын эхлэл болсон юм.
МОНЦАМЭ, СИНЬХУА агентлаг нь энэ үеэс хойш харилцан мэдээлэл солилцох, сэтгүүлч солилцож, туршлага судлуулах, Бээжин, Улаанбаатарт суугаа тус тусын сурвалжлагчдаа харилцан дэмжих зэргээр тасралтгүй хамтран ажиллаж ирсэн ба хамгийн сүүлд буюу 2013 онд хоёр агентлагийн хооронд байгуулсан хэлэлцээрээр энэхүү харилцаагаа баталгаажуулсан юм. Өнөөдөр МОНЦАМЭ агентлаг нь СИНЬХУА агентлагаас өдөр тутам Хятад орны дотоод үйл явдлын болон дэлхий дахин, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг англи хэлээр дамжуулан хүлээн авч Монголын уншигчиддаа орчуулан хүргэж байна. Мөн Монгол оронд болсон цаг үеийн үйл явдлууд, хоёр орны харилцаанд хамаарах бусад мэдээ мэдээллийг өдөр тутам СИНЬХУА агентлаг руу илгээж байна.
Энд онцлон дурдахад, хоёр улс харилцааны хүнд хэцүү сорилтыг туулсан 1960-аад оны сүүлч, 1970-аад оны үед ч МОНЦАМЭ, СИНЬХУА агентлагхарилцаагаа таслаагүй, өдөр тутам мэдээллээ солилцож, харилцан сурвалжлагчаа суулгаж улс орнуудынхаа харилцааны гүүр болж байсныг бид бүхэн үргэлж бахархалтайгаар дурсан санаж байдаг юм.Энэ утгаараа БНХАУ-ын СИНЬХУА агентлаг нь МОНЦАМЭ агентлагийн хамгийн итгэлтэй дотны түншийн нэг мөн бөгөөд бид өдөр тутам мэдээлэл солилцох, сэтгүүлч сурвалжлагчаа харилцан айлчлуулах зэргээс гаднаАзи, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага /OANA/-ын хүрээнд ч нягт хамтран ажиллаж, харилцан бие биенээ дэмжиж ирсэн, цаашид энэ бүх харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, бэхжинэ гэдэгт итгэж байна.
МОНЦАМЭ агентлагийг Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаатай холбож байдаг өөр нэгэн гүүр нь Монгол Улсад хятад хэлээр хэвлэгддэг цорын ганц сонин “Мэнгү сяосибао” буюу “Монголын мэдээ”юм.
Анх 1929 оны 9 дүгээр сарын 1-нд “Ажилчны зам” нэртэйгээр тухайн үеийн Монголын үйлдвэрчний ерөнхий зөвлөлөөс Монголд оршин суугч хятад иргэдэд зориулан гаргаж эхэлсэн уг сонины идэвхтэй уншигч ба материал нийлүүлэгчдийн дотор БНХАУ-ын Төрийн дууллыг зохиогч Сиан Син Хай, тус улсаас БНМАУ-д суух анхны Бүрэн Эрхэт элчин сайд Жи Яа Тай нарбайсныг энд дурдахад таатай байна. Тэд тус сониныг сонирхон уншиж, зарим үед санал бодлоо бичиж нийтлүүлдэг байжээ. Тус сонин нь Монгол орны дотоод, гадаад байдлыг шуурхай мэдээлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын үйл явцыг сурталчлах, Монголд амьдарч буй хятад иргэдийг энэхүү бүтээн байгуулалтын ажилд уриалан зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцдог байсныг 1950-иад онд “Ажилчны зам” сониноос уриалснаар хятад ажилчид Улсын их дэлгүүрийг 13 сарын дотор барьж дуусгасан түүхээс харж болно. Эдгээр нь “Ажилчны зам” сонин Монгол-Хятадын харилцаа, Монголд ажиллаж байсан хятад ажилчдын дунд ямар чухал үүрэг гүйцэтгэж байсныг батлах баримтын нэгээхэн хэсэг юм.
МОНЦАМЭ агентлаг 1964 оны 10-р сараас тус сониныг “Мэнгү сяосибао” /”Монголын мэдээ”/ нэртэйгээр эрхлэн гаргажирсэн юм. Олон жилийн турш тасралтгүй гарсан уг сонин 1990-ээд оны эхэн үед түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон ч 1998 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албаны дэмжлэг туслалцаатайгаар дахин сэргэж, түүнээс хойш эдүгээг хүртэл тасралтгүй гарч байна.
“Мэнгу сяосибао” сонин нь Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн, зөвхөн Хятадын уншигчдад төдийгүй хятад хэл, соёлыг судалж, суралцаж буй бүх хүмүүст чухал гарын авлага болдог юм. Долоо хоног тутмын тус сонин агуулгын хувьд Монгол Улсын улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, банк санхүү, эрүүл мэнд, нийгэм, үндэсний өв соёл, түүх, уламжлал, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг уншигчиддаа тоймлон хүргэдэг. Өнөөдөр тус сонин Монгол Улсад төдийгүй Тайвань, Хонконг, ӨМӨЗО, Бээжин зэрэг БНХАУ-ын томоохон хот, мужуудад өөрийн гэсэн уншигчидтай, хоёр орны ард түмний найрамдлын гүүр, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны нэгэн салаа мөчирболж, үүргээ гүйцэтгэсээр байна. МОНЦАМЭ агентлагийн цахим хуудасны хятад хэлээрх хувилбар http://cn.montsame.mn/ нь 2014 оноос “Мэнгү сяосибао” сониныг түшиглэн ажиллаж эхэлсэн, сошиал мэдээллийн хэрэгслээр ч багагүй амжилтад хүрээд байгааг энэ дашрамд хэлье.
БНХАУ-ын голлох үндэстнүүдийн нэг нь монгол үндэстэн байдаг. Монгол үндэстний хэл, соёлын салшгүй нэг хэсэг нь үндэсний монгол бичиг билээ. МОНЦАМЭ агентлаг 1992 оноос хойш үндэсний монгол бичгээр 7 хоног тутмын “Хүмүүн бичиг” сониныг эрхлэн гаргаж байгаа, тус сонины уншигчдын дотор ӨМӨЗО-ы иргэд цөөнгүй байдаг юм. Ялангуяа 2015 оноос “Хүмүүн бичиг” сонины http://khumuunbichig.montsame.mn/ цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн нь өвөрмонгол уншигчдын сонирхлыг ихээхэн татаж байгаа нь цахим хуудас дахь хандалтаас ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ “Хүмүүн бичиг” сонины редакцаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны урилгаар удаа дараа тус улсад айлчилж, сониноо танилцуулж, сурталчлах ажлыг хийсэн нь монгол бичгээр дамжуулан Монгол орон, Монгол-Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаарх мэдээллийг авах эрмэлзлийг идэвхжүүлсэн, хоёр орны иргэд хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлсэн чухал алхам боллоо. Энэ утгаараа МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонин нь Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны бас нэгэн эд эсмөн бөгөөд цаашид ч хоёр орны харилцаанд зохих үүргээ гүйцэтгэх юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын парламент, Засгийн газрын хамтын ажиллагаа, Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй хоёр орны сэтгүүлчдийг харилцан айлчлуулах, туршлага судлуулах, сурвалжлах бүрэлдэхүүнд МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид тогтмол оролцож Монголын олон нийтэд мэдээлэл, сурвалжлагаа хүргэж ирсэн нь бид бүхний харилцааг улам өргөжүүлж байна. Хоёр орны улс төрийн харилцаа таатай болохын хэрээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ч нээлттэй, харилцан өгөөжтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна. Энэ хүрээнд Хятадын Олон улсын радио, “Солонго” сэтгүүл зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд манай агентлаг уламжлалт хамтын ажиллагаатай СИНЬХУА агентлагтай тогтоосон харилцаагаа эрхэмлэхийн зэрэгцээ БНХАУ-ын бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ч найрсагаар, ялангуяа Монгол Улсыг гадаадад сурталчлагч байгууллагын хувьд Монголын тухай мэдээллийг түлхүү нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаа болно.
МОНЦАМЭ агентлаг харилцан тохиролцож, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад хятад болон англи, монгол хэлээр тогтмол мэдээлэл нийлүүлэх, үүнд “Мэнгү сяосибао”“Хүмүүн бичиг” сонин, тэдгээрийн цахим хуудас голлох үүрэгтэй оролцох бүрэн боломжтой юм. Нөгөө талаар хятад, монгол хэлний боловсон хүчнээ харилцан богино хугацаагаар солилцон ажиллуулж, хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх, техник технологийн дэвшлээс суралцах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаатэй танилцан туршлага судлаж, цаашдын үйл ажиллагаандаа тусгах зэрэг бусад хамтын ажиллагааны хэлбэрүүд ч бид бүхний ирээдүй юм. Ийм хамтын ажиллагааг бий болгох нь энэ удаагийн форумыг улам ач холбогдолтой болгож, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харилцан итгэлцэл ойлголцлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.