Угсармал орон сууцны дулаан алдагдлыг багасгах төсөл хэрэгжүүлж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-12 14:31:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” Нама дэмжлэгт төслийг хэрэгжүүлж эхэллээ.


НЗДТГ, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хамтран, Германы “Нама фасилити” байгууллагын дэмжлэгээр хэрэгжүүлж буй энэ төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байгаа угсармал орон сууцуудын дулаан алдагдлыг багасгах дулаалга, их засвар хийж, эрчим хүч хэмнэх юм.


Нийслэлд 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдал ихтэй угсармал орон сууцны 1077 блок барилга бий. Төслийн хүрээнд эхний ээлжид 120 орчмын орон сууцны дулаан алдагдлыг багасгахаар төлөвлөжээ. Ингэснээр эрчим хүчний зарцуулалт, нүүрстөрөгчийн ялгарал багасаж, иргэдийн амьдрах орчин сайжран, угсармал орон сууцны үнэлгээ нэмэгдэнэ гэж үзжээ. Барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа тул шинэ барилга барихгүйгээр их засвар хийх нь төсөв хэмнэж, харьцангуй бага зардлаар сайн үр дүнд хүрэхийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байв.


Насжилт их, хуучирсан барилгыг нурааж, шинээр барихад дунджаар 7 тэрбум төгрөг зарцуулдаг бол их засварын зардал 600 сая байдаг аж.


GIZ нь “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2018-2022 онд амжилттай хэрэгжүүлэн, энэ оны 5 дугаар сард үр дүнгээ хүлээлгэн өгчээ. Дээрх хугацаанд Улаанбаатар дахь гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар, иж бүрэн дулаалга хийсэн байна. Төсөл хэрэгжүүлснээр тухайн сургууль, цэцэрлэгийн барилгын эрчим хүчийг 47-60 хувиар хэмнэсэн дүн гарснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.

 

Холбоотой мэдээ