Монголын уран зургийн галерей “Уран зураг сэргээн засварлах лаборатори”-тай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лабораторийг Монголын Уран Зургийн галерейн дэргэд байгуулж, өчигдөр нээлтийг нь хийлээ.
Тус лабораторийг олон улсын стандартад нийцсэн тавилга, багаж хэрэгсэл, материал, орчин үеийн технологиор бүрэн тохижуулжээ. Энэхүү иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл нь хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхижуулах явдал байгаа. Тиймээс уг төслийн хүрээнд гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын сэргээн засварлагч хатагтай Сузанне Эрхардс Монголын Уран Зургийн галерейн 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлэх эхний шатлалт сургалтыг зохион байгуулж байна.
Цаашид энэхүү лаборатори нь үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй ажиллах бөгөөд хувь цуглуулагч болон хувийн галерейдын бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлах боломж нээгдэх юм.