БНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-07 11:20:49

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын өдөөн хатгалгын хариуд БНСУ, АНУ-ын цэргүүд тэнгисийн сургуулилалт хийж эхэллээ гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо мэдэгджээ.  


Солонгосын хойгоос зүүн зүгт Япон тэнгисийн олон улсын статустай бүсэд болж байгаа хамтарсан сургуульд АНУ-ын нисэх онгоц тээгч “Ronald Reagan” хөлөг онгоц оролцож байгаа юм. Уг сургуулилалтыг "Умард Солонгосын өдөөн хатгалгын эсрэг холбоотнуудын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх" зорилгоор зохион байгуулсан гэж  Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдэгдэлд дурдсан байна. 


Цэргийн сургуулилалт хоёр өдөр буюу 10 дугаар сарын 7, 8-нд үргэлжилнэ гэж “Yonhap” агентлаг мэдээллээ. БНСУ-ын талаас сургуулилалтад эскадрын мина тээгч "Их Мунму хаан" хөлөг онгоц, “Тонхэ” харуулын хөлөг онгоц оролцож байна. АНУ нисэх онгоц тээгч хөлөг онгоцоос гадна пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Aegis” системээр тоноглогдсон эскадрын мина тээгч “Barry” хөлөг онгоцоо сургуулилалтад илгээжээ.


Өмнө нь лхагва гарагт БНСУ, АНУ, Японы гурван талын тэнгисийн цэргийн сургуулилалт болсон. Талууд баллистик пуужинг илрүүлэх тактик боловсруулсан байна.


БНАСАУ 10 дугаар сарын 4-нд Японы дээгүүр ниссэн дунд зайн тусгалтай баллистик пуужин харвасны дараа АНУ-ын нисэх онгоц тээгч “Ronald Reagan” хөлөг онгоцыг лхагва гарагт Японы тэнгист дахин байрлуулжээ. 


Холбоотой мэдээ