Нийлс Аннен: Хэтийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжүүлэхээр болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2022-10-07 11:21:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен Монголд ажлын айлчлал хийж, албаны хүмүүстэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцсон билээ. Манай сурвалжлагч айлчлалын үеэр түүнтэй уулзаж товч ярилцсан юм.


-Ноён Парламентын Төрийн нарийн бичгийн дарга аа, цар тахлын амаргүй үед манай хоёр улсын харилцаа ямар байсан талаар яриагаа эхэлье...

-Цар тахлын үед ч манай хоёр улс нөхөрсөг харилцаагаа үргэлжлүүлсээр байсныг хэлмээр байна. Мэдээжийн хэрэг амаргүй байсан  бөгөөд жишээ нь  би танай улсад ажлын айлчлал хийхээр нэлээд өмнө төлөвлөснөө хойшлуулсан. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бусдын жишгийн дагуу өрнөсөн. Тодруулбал, видеогоор болон интернэтээр холбогдоод харилцаж байсан. Цар тахлын үед Монголд ажиллаж байсан хүмүүс нэлээд чармайн ажилласан гэдгийг хэлмээр байна.


-Та Улаанбаатарт байх хугацаандаа манай албаны хүмүүстэй уулзаж хоёр улсын харилцааны асуудлаар санал бодлоо солилцсон. Уулзалт хэлэлцээнүүдийн үр дүнг хэрхэн үзэж байна вэ?

-Би уулзалтуудад сэтгэл хангалуун байгаа. Яриа хэлэлцээнүүд маш найрсаг уур амьсгалд болж өнгөрсөн гэдгийг хэлмээр байна.  Ерөнхий сайдаас гадна Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайд, Гадаад харилцааны дэд сайд зэрэг Монголын Засгийн газрын гишүүн, сайдуудтай уулзсан, Монголын тал харилцааны асуудалд маш их анхаарал хандуулж байгаа нь мэдрэгдсэн. Танай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэлээд удаан, илэн далангуй нээлттэй ярилцсан. Энэ нь хоёр улс харилцаагаа улам хөгжүүлэх сонирхолтой байгаагийн илэрхийлэл мөнөөс мөн.


-Энэ уулзалтуудын үеэр ярилцаж тохиролцсоноо хэрэгжүүлэхийн тулд манайх юу хийх ёстой вэ?

-Би энд нэг зүйлийг хэлмээр байна. Манай зүгээс ямар нэгэн шаардлага тавиагүй, бид хэрхэн хамтран ажиллах талаар саналаа дэвшүүлсэн. Хэтийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжүүлэхээр болсонд бид сэтгэл хангалуун байгаа. Одоо бид хамтдаа аль салбарт хэрхэн хамтран ажиллахаа шийднэ. Миний бодлоор эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа  яахын аргагүй маш чухал сэдэв бөгөөд чухал үүрэгтэй. Ер нь хамтран ажиллах маш олон салбар байгаа хэдий ч Германы тал ганцаараа шийдэхгүй, Монголын талтай ярилцаж байж шийдвэрээ гаргана. Нөхөрсөг харилцаатай улс орнууд ингэж байж л шийдвэр гаргадаг шүү дээ.

Холбоотой мэдээ