43 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-19 15:06:49

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Замын хөдөлгөөний  ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар холбогдох албаныхны танилцуулгыг сонслоо.

Сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулав.

Тэрбээр, “Энэ хичээлийн жилд 2014 онд төрсөн  хоёр настай хүүхдийг цэцэрлэгт  шинээр бүртгэнэ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч 43 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Төрийн бус цэцэрлэгүүдийн сул орон дээр он дуустал 3 мянга 57 хүүхдийг нэмж оруулах ажилд 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.  Төрийн өмчийн цэцэрлэгүүд энэ сарын 22-26-нд элсэлтийн бүртгэл хийж, 26-нд сонгон шалгаруулалт явуулна. Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэх бүх хүүхдийг бүртгэнэ. Энэ хичээлийн жилд нийт цэцэрлэг, сургууль, сургууль цэцэрлэгийн цогцолбор, спорт заалны 34 барилгыг засварлаж, шинээр ашиглалтад оруулна” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Улаанбаатар хотын автозамын нөхцөл байдал, замын хөдөлгөөний  зохицуулалт,  засвар, арчлалт, нийтийн тээврийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Зуны амралт, зугаалгын цаг дуусч, хичээл эхлэх үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс хотын төв хэсгийн автозамын ачааллыг бууруулах түр зохицуулалт хийж, ирэх амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулах болжээ. Хөрөнгө мөнгөний асуудлаас зогсонги  байсан зам засвар, арчлалтын ажил өчигдрөөс эхэлсэн бөгөөд төв зам дагуух засварыг хөдөлгөөний нягтралд саад болгохгүйн тулд шөнийн цагаар хийж, дуусгахаар ажиллаж байгааг танилцуулгадаа дурьдав.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Аз жаргалтай хот хөтөлбөр”-ийн хүрээнд замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, давхар зам, гүүр барих асуудлыг шийднэ. Нэн түрүүнд   зам засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх хэрэгтэй. Мөн сургууль орчны аюулгүй байдлыг онцгойлон анхаарч “School police”-ийг үргэлжлүүлэх, шаардлагатай тохиолдолд эргүүлийг нэмэгдүүл” гэсэн үүргийг ажлын хэсэгт өглөө.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ