ЗАВХАН: Нарны цахилгаан станц 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-04 16:21:59

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Алдархаан, Тэлмэн суманд нарны болон цахилгаан станц ашиглалтад орох гэж байна.


“Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан дотоодоос эрчим хүчний хэрэглээгээ хангах, импортын хараат байдлаас гарах, урт хугацаанд эрчим хүч экспортлогч улс болох томоохон төсөл хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй, Төвийн эрчим хүчний системээс алслагдсан аймгуудад Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баруун бүс нутагт барьж буй нарны цахилгаан станцууд юм. Үүний нэг нь:


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алдархаан суманд 5МВт-ын нарны станц барих, 110/3510кВ-ын Улиастай дэд станцад 3600МВт.цаг хүчин чадалтай батарейн байгууламжийн төсөл юм. 5МВт-ын нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл 95 хувийн гүйцэтгэлтэй байна.


Барилгын ажлын гүйцэтгэгчээр “MCS интернэйшнл” ХХК ажиллаж байгаа. Нарны цахилгаан станц нь ногоон эрчим хүч юм. Нийт 10192 ширхэг дэлгэцээр дамжуулан байгалийн шавхагдашгүй хүч буюу нарнаас ялгарах энергийг ашиглаад эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Энэхүү нарны цахилгаан станц ашиглалтад бүрэн орсноор жилд 8.8 сая квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 7650 тонн хүлэмжийн хийг бууруулах боломжтой юм.


Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улс хүлээсэн үүргийн хүрээнд баруун бүс нутгаа ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хөгжүүлэх бодлогыг барьж ажиллаж байна. Ялангуяа баруун бүсийн эрчим хүчний систем өнөөдөр нийт хэрэглэдэг эрчим хүчнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоор авч байна. Алслагдсан бүс нутагт барихаар төлөвлөгдсөн томоохон станцууд ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг дотоодоос ногоон эрчим хүчээр хангах бүрэн боломжтой болох юм.


Тухайлбал, Завханы Алдархаан, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай 10 мвт-ын цахилгаан станцууд ашиглалтад орсноор алслагдсан бүс болох Алтай Улиастайн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирч, өөрийн гэсэн шинэ эх үүсвэртэй болох юм.

Мөн нарны цахилгаан станцтай болсноор тодорхой хэмжээний нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад тодорхой хувь нэмэр болно гэж Алтай Улиастай эрчим хүчний ТӨХК-ийн Завхан салбараас мэдээлэв.

Ташрамд, Завханы Тэлмэн сумын 5МВт-ын салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байна. Энэхүү салхин цахилгаан станц нь ашиглалтын 25 жилийн хугацаанд 471,075 МВт/цаг эрчим хүчийг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. 

Холбоотой мэдээ