АНУ-ын усанд сэлэгчид дээрэмдүүлсэн нь худал болохыг олж тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-19 12:11:06

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Reuters/. АНУ-ын дөрвөн усанд сэлэгч, тэдний дотор Олимпын алтан медальт Райан Лохте дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлэг өгснийг Бразилын цагдаа нар тогтоожээ.

Усанд сэлэгчид мэдэгдэхдээ “ням гарагийн өглөөгүүр Рио-де-Жанейро дахь тамирчдын тосгон руу таксигаар явж байхад бүлэг этгээд таксиг зогсоож, буу тулган бидний мөнгийг дээрэмдсэн” гэсэн юм.

Харин Риогийн цагдаа нар пүрэв гарагт хэвлэлийн бага хурал хийн “энэ дөрвөн тамирчин тамирчдын тосгон руу таксигаар явж байгаад ариун цэврийн өрөө орохын тулд шатахуун түгээх станцын дэргэд зогссон. Ариун цэврийн өрөөний зарим эд зүйл эвдэрч хэмхэрсэн байсныг хамгаалагч олж мэдээд, хохирол барагдуулахыг тамирчдаас хүссэн байна” гэв.

Цагдаа нар цааш нь ярихдаа “харин усанд сэлэгчид таксигаар зугтахыг завдахад хамгаалагч залуу машины өмнө зогсон, буу гаргасан байна. Ингээд тамирчид шатахуун түгээх станцад эвдэрч хэмхэлсэн зүйлийнхээ төлбөрт 30 орчим долларыг хамгаалагчид өгснийг бид олж тогтоолоо” гэлээ.

Эдгээр тамирчинд буу тулган дээрэмдсэн гэх мэдээллийн улмаас Рио-де-Жанейрод аюулгүй байдал муу байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.

Риогийн Олимпын 4х200 м-ийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд Лохте алтан медаль хүртсэн билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ