ГОВЬ-АЛТАЙ: “Алтай түншлэл-2022” үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ болж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-10-03 14:34:12
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Алтай түншлэл-2022” үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ болж байна.


Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн 17 сумын 140 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөгчид үндэсний хувцас, гутал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, гар урлал, сур суран эдлэл, гоёл чимэглэл, эсгий болон ноос ноолууран бүтээгдэхүүн, нийтийн хоол зэрэг төрлүүдээр оролцож байгаа юм.


Аравдугаар сарын 3, 4-ны өдрүүдэд Алтай хотноо болж буй уг үзэсгэлэн худалдаанд оролцож буй газар тариалан эрхлэгчид: "Иргэдийн худалдан авах чадвар тааруу байна. Өнөө жил бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, жишээлбэл нэг кг төмс 800 төгрөгөөр худалддаг байсан бол одоо 2000 болсон. Үнийн өсөлт борлуулалтад мөн нөлөөлж байна" гэлээ.


Харин иргэдийн хамгийн ихээрээ сонирхож худалдан авалт хийж байгаа зүйл бол цагаан идээ. Цагаан идээний үнэ ч мөн адил өгчээ. Тавгийн ааруул хэмжээнээсээ шалтгаалаад 280-400 мянган төгрөг, нэг кг ааруул 20-30 мянга, цагаан тос 25 мянга, аарц нэг кг 8000 төгрөг, тараг нэг литр нь 5000, сүү нэг литр нь 4000 төгрөгийн үнэтэй байна.