БАЯН-ӨЛГИЙ: Улсын бүртгэлийн ажилтнууд байгууллагуудаар орж тоон гарын үсэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-28 11:03:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлаас баталсан Цахим гарын үсгийн тухай хууль өнгөрсөн тавдугаар сараас хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан тухайн сараас иргэдэд тоон гарын үсэг олгож эхлээд байгаа. 


Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 8311 иргэн улсын бүртгэлийн байгууллагаас тоон гарын үсэг аваад байна. Үүнээс 8091 иргэн тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ойгоор, 220 хүн ухаалаг гар утасны аппликэйшнээр дамжуулан авсан аж.


Тоон гарын үсэг авсан иргэдийн тоогоор Өлгий /2160/, Баяннуур /1172/ сумууд тэргүүлж байна. 


Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагаас 5 жилийн хугацаагаар олгоно. Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнууд албан байгууллагуудад очиж тоон гарын үсгийг газар дээр нь олгох ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд аймгийн Шүүхийн тамгын газар, ерөнхий боловсролын Эмпати, Дарын цогцолбор сургуулиудад ажиллажээ.


Ташрамд сануулахад, тоон гарын үсэг нь энгийн гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм. Мөн цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байдаг. Иргэд харьяалал харгалзахгүйгээр нийслэл, орон нутгийн бүртгэлийн хэлтэст хандаж аж ахуйн нэгж, байгууллага, хамт олноороо нэгдэн тоон гарын үсгээ авах боломжтой ажээ.

 

Холбоотой мэдээ