БАЯН-ӨЛГИЙ: Хүүхэд залуучуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх тусгай өрөөтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-21 11:29:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тусгай өрөөтэй боллоо.

Тус өрөөг “Орифлэйм Монгол” компани 20 жилийн ойн баяраа тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 20 сая төгрөгийн санхүүжилт гаргаж тохижуулж өгсөн аж. Тохижилтын явцад үйлчилгээ авах хүүхэд залуучуудын сэтгэл зүйг тайвруулах, эерэг уур амьсгал төрүүлэх, тав тухтай байлгах, өөрийгөө бүрэн илэрхийлэх нөхцөлөөр хангах зорилгоор өнгө, дизайны шийдлийн асуудлыг харгалзан үзсэн байна.

Тухайн өрөөнд цаашид аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүд хүүхэд, залуучуудад сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулна. 

Холбоотой мэдээ