Б.Сувд: Номын баяр олон улсын хэмжээнд очиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-09-18 16:22:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас 32 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр гурав дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжиллээ.

 

Талбайн ногоон зүлгэн дээр хүүхдүүдийн АХА тэмцээн, шатрын тоглолт, хөрөг зураг зуруулах гэх мэт сонирхолтой үйл ажиллагаа болж буй юм.


МУИС-ийн Социологийн тэнхимийн судалгаагаар өнгөрсөн жилд номын баярт давхардсан тоогоор 180 хүн оролцсон байна. Нийт оролцсон иргэдийн 58 хувийг 15-24 насны хүүхэд, залуучууд 17.4 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа нь номын баярт оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, оролцогчдын нас залуужсаар буй юм.


Намрын 32 дахь номын баярын хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ТВ-9 телевиз ажилласан бол Улаанбаатар зооамьтны хүрээлэн, “Интерномномын дэлгүүр, Фэст академи, ЖиПиЭнЭм ХХК, Стартап терминал ХХК, Монголын уран уншигчдын холбоо, “Мөрөөдөх эрхтэй бүсгүйТББ-ын хамт олон дэмжигчээр оролцов.


Энэ үеэр “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдаас дараах асуултад хариулт авав.

-“Номын баярыг” санаачлан 32 дахь удаагаа зохион байгуулж буй хүний хувьд энэ удаагийн номын баяр ямар онцлогтой болов?

-Энэ удаагийн номын баяр өргөн дэлгэр боллоо. Хэдийгээр цаг агаар хүйтэн сэрүүхэн байсан ч номын баярыг зорин ирдэг уншигчдын тоо буураагүй нь ажиглагдлаа. Тоон мэдээлэл удахгүй гарна. Бид МУИС-ийн Социологийн тэнхимтэй хамтран баярын өдрүүдэд судалгаа явуулж байна. Номын баярт байгууллагууд нэлээн чанаржин, уншигчдадаа зориулан олон сонирхолтой хөтөлбөр зохион байгууллаа. Өнөөдөр болсон “Бэрсийн гамбит” номын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар ирж спортын мастер Ү.Үүрийнтуяатай шатар нүүж тоглолоо. Мөн геополитикийн чиглэлээр "Nepko Publishing"-нд болсон түүхэн хүмүүс ярианд УИХ-ын дарга оролцов.


Хүүхдүүд өдөржингөө “Open mic ажиллуулсан. Үйл явдал олон талд өрнөлөө. Зорин ирсэн хүн бүр өөрсдийн сонирхож буй ном, соёлтой холбоотой олон төрлийн мэдээллийг олж авах боломжтой болжээ.


Энэ удаагийн номын баярын өвөрмөц зүйл бол УИХ-ын Тамгын газраас талбайн ногоон зүлгэн дээр чимэглэл хийж авчран олон чухал номыг дэлгэж номын баяр дээр чимэг нэмлээ. Мөн үр хүүхдээ дагуулж ирж номын баярыг үзэж, оролцсон ээж, аав нартаа баярлалаа. Яагаад гэвэл номын баяр бол үр хүүхэд, олон нийтийн хүсэн хүлээдэг баяр юм. “Өглөө босоод номын баяртаа явъя гэж хүүхдүүд маань шахдаг болжээ” гэсэн мессеж мэдээлэл их ирлээ. Тэгэхээр хүүхдүүддээ номтой холбоотой дурсамжийг энэ өдрүүдэдэ ээж, аав нар илүү их өвөртөлж, өвөртлүүлсэн болов уу.


Манай “Номын ертөнц” клубын сурагчид их идэвхтэй ажиллалаа. Найз нөхөд, дүү, ах эгчийгээ номын баяртаа нэлээн сайн урьсан нь харагдлаа. Олон залуус хамт олон, багаараа, найз нөхдөөрөө хүрэлцэн ирж үзэж сонирхлоо гэж талархлын үг хэлж байна. Хөдөө орон нутгаас зорин ирсэн оролцогчид энэхүү баярт сэтгэл тэнэгэр оролцож явна гэсэн таатай мэдээллийг өгсөн. Гадны зочид төлөөлөгчдөөс Канад, АНУ,  Энэтхэг гээд олон орны Элчин сайд, соёлын атташе хүрэлцэн ирснээс гадна гадаад хүмүүс номын баяр дээр номын нээлтээ хийсэн нь чухуал юм. Тэгэхээр номын баяр олон улсын хэмжээнд очиж байна. Өмнө нь энэ байдлаа олон жилийн хүч хөдөлмөрөөр бий болгосон боловч ковидын үед алдагдсан. Ковидын үед алдсан цаг хугацааг нөхөхийн тулд дахин шаргуу ажиллах хэрэгцээ тулгарч байна. Бидний өмнөө тавьсан том зорилгыг төрийн байгууллагууд, төр түшилцэж буй эрхмүүд сайн ойлгоосой гэж хүсэж байна.


-Номын баярыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл хэр байв?

-Баяр хэдий харахад сайхан боловч цаана нь зөндөө бэрхшээл бий. Үүнийг хэрхэн даван туулах вэ гэдэг асуулт бидэнд үлдэж байна. Өнгөрсөн удаагийн баярт бид санхүүгийн нэлээн алдагдал хүлээсэн. Одоогийн байдлаар, санхүүгийн алдагдал их, бага хэмжээгээр хүлээхээр байна. 


Номын баярыг зохион байгуулна гэдгийг хүмүүс зөвхөн асар түрээслээд болох юм шиг ойлгодог. Бэлтгэл ажлаа хоёр сарын өмнөөс эхэлж, ажлын албаныхан номын баярыг ямар өнгө аястай байх талаар ажлаа төлөвлөдөг. Сурталчилгаанаас эхлээд постер зурах, автор movie хийх, зураглал, зураг авах, клубийн хүүхдүүдээ хэрхэн зөв зохион байгуулж идэвхжүүлэх вэ гээд ажил их бий.  Номын баярт 100-аад хүүхэд ажиллаж байна. Хүүхдүүдийн өглөө, өдөр, оройны хоол, ус ундааны хэрэгцээ гээд маш их зардал гардаг. Мөн хэн нэгний эд зүйлсийг алдчих вий гэсэн үүднээс хамгаалалтын албатай номын баяр бүрээр хамтарч ажилладаг. Ялангуяа шөнийн хамгаалалтыг хүч нэмэгдүүлдэг. Хүмүүс Сүхбаатарын талбайгаас хэн юу авч явах вэ гэж магадгүй. Гэхдээ сандал ширээ, зохиолчдын ном бүтээлийг алга болгохгүй тулд хариуцлагатай байлгахаар хамгаалалтын албатай хамтардаг. 


“Номын ертөнц” сэтгүүлийг 5000 хувь хэвлэж уншигчдын гарт хүргэж байна. Энэ бол үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Нэвтрүүлэг, уран бүтээл хүртэл ийшээ чиглэж байна. Нэг үйлдэл хийхэд тодорхой хэмжээний зардал гардаг. Түүнчлэн номд хайртай хүн бүр зүүгээсэй гэж өнгөрсөн жил номын баярт ирсэн 180 мянган хүнд зориулан энэ жил мөн хангалттай хэвлэж хүмүүсийн энгэр дээр наасан. Энэ бүхэнд зардал гардаг. Мөн ажиллаж буй хүүхдүүдээ урамшуулах, ажлын албаныхандаа цалин тавих зэрэг том хэмжээний зардал мөнгөний асуудал гардаг. Нөгөөтээгүүр номын баярын багагүй хэсэгт үнэ төлбөргүй оролцдог оролцогчид бий. Зардлыг босгоно гэдэг хүнд байдаг учраас ирэх баяруудад биднийг дэмжин ажиллахыг хамтран ажиллах байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж, уриалмаар байна.














Холбоотой мэдээ