Хятад улс Азийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-09-15 17:00:41

БЭЭЖИН. /China Daily/. Узбекистаны Сырдарья мужид 25 га газарт Хятад, Узбекистаны олон мянган ажилчин зуны халууныг үл хайхран дулааны цахилгаан станц барьж байна.


Ирэх оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж буй энэхүү төсөл нь Узбекистаны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадлын ойролцоогоор найман хувийг хангаж, жилд 10 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нэг сая орчим оршин суугчийн эрчим хүчний хэрэгцээг хангах юм.


“Энэ төсөл нь Узбекистаны эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой бөгөөд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй бас нэгэн чухал төсөл юм” гэж тус станцыг барьж буй “China Energy Co” компанийн Төв Азийн салбарын төслийн менежер Гуо Тянью ярьжээ.


Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Узбекистаны эдийн засгийн өсөлт, тэр дундаа барилгын салбарын хөгжил нь эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлж, тус улсын эрчим хүчний хомсдолыг улам хурцатгаж байна гэв. Энэхүү дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт нь орон нутгийн иргэдэд 1000 гаруй ажлын байр бий болгосон гэж тэрбээр нэмж хэлжээ.


Энэхүү станц нь Хятад болон Төв Азийн Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, Туркменистан зэрэг улсуудын хооронд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй олон хамтын ажиллагааны төслүүдийн нэг нь юм.


Хятад болон тус таван орны “Бүс ба Зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаа эрт үр дүнгээ өгч, эдгээр улс дэд бүтцээ сайжруулж, худалдааны харилцаа холбоог бий болгож, олон нийтийн сайн сайхан байдлыг сайжруулахад тусалсан гэж олон ажиглагч үзэж байна.  


Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Орос, Зүүн Европ, Төв Ази судлалын хүрээлэнгийн судлаач Жао Хуйрун хэлэхдээ, “Бүс ба Зам” нь Төв Азийн бүс нутагт тогтвортой байдал, өсөлтийн шинэ боломжуудыг санал болгож байгааг онцлоод, энэхүү санаачилгаар дамжуулан таван орон шинэ хөрөнгө оруулалт, технологи, зах зээлтэй болж, дэд бүтцийн түвшин, ялангуяа тээвэр, ложистикийн түвшин дээшилсэн гэсэн байна.


“Бүс ба Зам” нь Төв Азийн орнуудын экспортыг дэмжиж, аж үйлдвэрүүдийн өсөлтийг тэнцвэржүүлж, үйлдвэрийг шинэчлэх, ногоон болон дижитал эдийн засгийг хөгжүүлэх боломжийг санал болгож байна гэж тэрбээр нэмж хэлжээ.


“Бүс ба Зам” санаачилгын эхлэл болсон Торгоны замын эдийн засгийн бүсийг анх БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд Казахстанд айлчлах үеэрээ санал болгосон бөгөөд Төв Азийн дээрх таван орон уг санаачилгад хамгийн түрүүнд оролцсон улсууд болсон юм.


Энэ жил Хятад улс тус таван оронтой дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд талуудын худалдааны эргэлт 1992 онд 460 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 50 тэрбум ам.долларт хүрч өссөн байна.


Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний долоон сарын байдлаар Хятад, Казахстаны худалдаа 19.3 хувиар өссөн бол Киргизийн хувьд 150.4 хувь, Тажикистан 85.5 хувь, Туркменистан 53.4 хувь, Узбекистан 32.5 хувиар тус тус өссөн байна.

Холбоотой мэдээ