УДБЭТ 60 дахь улирлын тоглолтоо дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил дуурь, балетаар нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-09-07 11:49:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог дуурь, балетын ноён оргил Ж. Верди “Аида” дуурь, П.И.Чайковский “Хунт нуур” балетаар тоглолтын 60 дахь улирлын нээлтээ хийнэ.


Тус театр анх 1963 оны 5-р сарын 15-ны өдөр Евгений Онегин дууриар сонгодог бүтээлээ дагнан бүтээх түүхэн замналаа эхэлсэн түүхтэй. Монголд сонгодог урлаг хөгжөөд 60 дахь жилтэйгээ ийнхүү золгож байна.

Монголд дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлийг дагнан туурвидаг цорын ганц театр болж хөгжсөний 60 жилийн ойгоо угтан тоглолтын 60 дахь улирлын нээлтээ дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил дуурь, балетаар хийхээр төлөвлөжээ.


Ж. Верди “Айда” дуурийг 2022 оны 10 дугаар сарын 1,2-нд, П.И Чайковский “Хунт нуур” балетыг 8,9-нд тоглох юм.

140 жилийн түүхтэй дэлхийн сонгодог Аида дуурийг 2010 онд анх эх орондоо туурвисан юм. Дж.Верди XIX зууны төдийгүй дэлхийн дуурийн урлагийн оргил бүтээлүүдийг туурвисан бөгөөд Аида” дуурь  түүний хамгийн том бүтээл юм. Учир нь нүсэр найрал дуу, хөгжмийг энэ дуурь л багтаасан байдаг аж. УДБЭТ-рын уран бүтээлчид 2011 оны 4-р сарын 30-нд анх театрын тайзнаа уг дуурийг тогложээ. Тус дуурь нийт 4 бүлэг, 7 үзэгдэлтэй бөгөөд тайз засалт, хувцаслалт, гоёл чимэглэлийн хувьд эртний Египетийн дүр зургийг тод томруунаар харуулж чадсан байдаг. Уг дуурь анх 1871 оны 12 дугаар сарын 24-нд нээлтээ хийсэн цагаасаа Америк, Герман, Испани, Австри, Унгар, Польш, Франц, Орос зэрэг олон оронд тоглогдож байсан төдийгүй Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм дээр уг дуурийг туурвиж байсан түүхтэй.


Дэлхийн сонгодог бүтээл балетын ноён оргил бол П.И.Чайковский “Хунт нуур” балет гэдгийг сонгодог урлагийн үзэгчид өнөөдрийг хүртэл баталсаар ирсэн. Хүн бүр балетын урлагийг Хунт нуур балетгүйгээр төсөөлдөггүй. Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский  “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, Хунт нуур” гэсэн балет бичсэн байдаг. Үүнээс “Хунт нуур” балетыг дэлхийн сонгодог балетын оргил гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж.

П.И.Чайковский “Хунт нуур” балетыг анх 1877 оны 3-р сарын 7-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй 1 үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна. Энэхүү балетыг манай улсын дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр УДБЭТ-ын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлт, Ж.Чулууны удирдлагаар тоглож, тайзны ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаасүх ажиллаж байсан юм. Хунт нуур” балетыг симфони оркестргүйгээр төсөөлөхийн арггүй. Хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн байдгаараа онцлогтой.

Холбоотой мэдээ