ГХЯ: БНСУ-ын нисэх буудлуудаар гуравдагч орон руу зорчих иргэд дамжин өнгөрөх виз авах шаардлагагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-03 10:46:00
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Консулын газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчих Монгол  Улсын иргэд “транзит” буюу дамжин өнгөрөх виз авах шаардлагагүй, хэвийн зорчиж байгааг тэмдэглэсэн байна.


Учир нь өчигдрөөс нийгмийн сүлжээнд БНСУ -ын нисэх буудлуудаар дамжин өнгөрөх Монгол Улсын иргэдээс дамжин өнгөрөх виз шаардах болсон талаар мэдээлэл цацагдаж, иргэд эргэлзсэн байдалтай болсон юм. БНСУ-ын зарим компанийн цахим хуудаст тавигдсан энэ төрлийн мэдээлэл нь баталгаагүй, төөрөгдүүлсэн мэдээлэл байжээ.


Мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас энэ талаар тайлбар гаргасан байна. Уг тайлбарт "БНСУ-ын нисэх буудлаас 24 цагийн дотор гуравдагч орон руу дамжин зорчих тохиолдолд виз авах шаардлагагүй. Сүүлийн үед цахим орчинд “Монгол иргэд БНСУ-ын нисэх буудлаар дамжин 24 цагийн дотор өөр улс руу явах тохиолдолд дамжин өнгөрөх виз шаардаж байна” гэсэн ташаа мэдээлэл тархаж байна. Энэ нь худал мэдээлэл болохыг мэдэгдэж байгаа бөгөөд Монгол иргэд Инчон нисэх буудал зэрэг дамжин өнгөрөх танхимаар 24 цагийн дотор өөр улс руу зорчих тохиолдолд виз авах шаардлагагүй. Мөн K-ETA зөвшөөрөл нь Монгол иргэдэд хамаарахгүй болохыг анхаарна уу" гэжээ.

Холбоотой мэдээ