БТСУХ: Бүх ард түмний спортын XV наадмын шигшээд баг, тамирчид 561 багц медалийн төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-30 12:49:47
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн ирэх сард болохтой холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооноос өнөөдөр мэдээлэл хийв.


Монголын бүх ард түмний спортын XV зуны наадмыг энэ жил улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр зохион байгуулжээ. Шигшээ тэмцээн 9 дүгээр сарын 8-19-нд Улаанбаатар хотноо болж, 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байна.


Иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой тус наадмын нээлтийн ёслолыг 9 дүгээр сарын 9-ний өдөр 15:00 цагт, хаалтын ёслолыг 9 дүгээр сарын 19-ны 16:00 цагт Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулах аж.


Наадмын хаалтын арга хэмжээний үеэр спортын 26 төрлөөр медалийн чанараар эхний 6 аймаг, 3 дүүрэг, зэвсэгт хүчний байгууллагын дэргэдэх спортын 3 хороо, клуб, шигшээ тэмцээнийг сайн зохион байгуулсан 5 спортын холбоог шалгаруулах юм байна. Мөн шигшээ тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, багийн дасгалжуулагчийг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу алтан медаль 1.5 сая төгрөг, мөнгөн медальд 1 сая төгрөг, хүрэл медальд 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг олгох ажээ.


Анх 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Улсын анхдугаар спартакиадыг хөнгөн атлетик, волейбол, хөл бөмбөг, дугуй зэрэг спортын 10 гаруй төрлөөр зохион байгуулсан бөгөөд нээлтийн ёслолд 3000 тамирчны жагсаал, 300 хүний гимнастикийн тоглолт болж, шигшээ тэмцээнд 670 гаруй тамирчин оролцож байжээ.


Монголын бүх ард түмний спартакиад нэршлээр 1961-2004 он хүртэл дөрвөн жил тутамд зохион байгуулахдаа нийт 11, 2008 оноос спортын наадам нэртэйгээр 4 дэх удаа зохион байгуулсан байна. 


Холбоотой мэдээ