Эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжүүдийн 99 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлийн ангилалд багтаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-29 14:59:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна.


Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн  байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцсэн юм. Нийт 800 гаруй төлөөлөгч оролцож буй энэхүү чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэх чиглэлээр ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргэнэ.


Олон улсын геополитикийн хурцадмал байдал, цар тахал зэрэг монголчуудаас үл хамаарах гадаад нөхцөл байдал манай улсын эдийн засаг, бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн ихэнх улсад бараа, үйлчилгээний нийлүүлэлтийг доголдуулж, үнийн хөөрөгдөл бий болгож, инфляц сүүлийн 10 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч байгаа нь эдийн засаг, дотоод аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нээлтийн үеэр онцолсон юм. Тухайлбал, цар тахал, бүс нутгийн геополитикийн хурцадмал орчин, хил боомтын нэвтрэн өнгөрүүлэх чадавхын сул байдал зэрэг нь 2020 оны эхнээс манай улсын эдийн засагт хүнд цохилт өгч, ажилгүйдлийн түвшин 7.5 хувь, ядуурлын түвшин 27.8 хувьтай болоод байгааг дурдлаа. Гэхдээ МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, уур ус, хогны төлбөрийг төрөөс хариуцсан, татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, хүүхдийн мөнгө зэрэгт хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн, ажлын байрыг дэмжихэд зориулж 2 их наяд төгрөгийн зээл олгож, 100 мянга гаруй ажлын байрыг хадгалж чадсан зэрэг үзүүлэлт буйг ч цохон тэмдэглэв. Хэдийгээр тодорхой үр дүн, ахиц дэвшил гарч байгаа ч бүсгүйчүүд, эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжихэд дараах асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай байгааг Ерөнхийлөгч онцоллоо. Тухайлбал, эмэгтэй бизнес эрхлэгчдийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, жендерийн мэдрэмжтэй эдийн засгийн бодлого төлөвлөн хэрэгжүүлэх, бүх шатны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, хөдөлмөрийн уян хатан харилцааг сайжруулах, зах зээлийн эрэлтэд нийцсэн эмэгтэй ажиллах хүчний нөөцийг бэлтгэх шаардлагатай байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд уг зорилтыг ханган хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, үр дүнтэй түншлэл чухал. Уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд доорх ажлыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхийлөгч үзэж байна. Үүнд:


1.Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашилбал эрчим хүч экспортлогч улс болох;

2.Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

3.Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;

4.Хүнд, хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;

5.Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээ байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, олон улсын болон бүс нутгийн сүлжээнд холбох замаар “Транзит Монгол Улс” болох;

6.Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын цөм технологи болох хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн Цахим үндэстэн, дижитал Монгол болох;

7.Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;

8.Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг системийг нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;

9.Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;

10.Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр, засагтай “Ногоон Монгол” болохын зэрэгцээ гадаад харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улсын нэр хүнд, байр суурийг олон улсын тавцанд өндөрт өргөх нь чухал байна.


Монгол Улсын 3.4 сая хүн амын 49 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Улсын хэмжээнд ажиллах хүчний 1.2 сая хүн ам байгаа бол ажиллах хүчнээс гадуур 864 мянган иргэн бий. Ажиллах хүчнээс гадуур хүн амд тэтгэврийн насны, оюутан зэрэг ордог байна. Уг хүн амын 65-70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд ихэвчлэн жирэмсний амралтаа авсан, эцэг эх, хүүхдээ асардаг байна. Улсын хэмжээнд 1992 онд хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн 72 хувь нь оролцож байсан бол 2022 онд 52 хувь болж буурчээ. Энэ нь цар тахлын үед сургууль, цэцэрлэг цахимд шилжсэнтэй холбоотой. Иймд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо, сорилт, боломж” сэдэвт илтгэлдээ дурдсан юм.


Тэрбээр, “Улсын хэмжээнд бодлого тодорхойлох түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих бодлого, хууль, тогтоомж олон бий. Тухайлбал, Жендерийн тухай хуульд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 15-30 хувь байхаар тусгасан байдаг. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 76 гишүүний 17 хувийг эмэгтэй гишүүд эзэлж байна. Засгийн газрын 17.6 хувь, дэд сайд нарын 6.2 хувь нь эмэгтэй байгаа бол аймаг, нийслэлийн Засаг даргаар томилогдсон эмэгтэй байхгүй. Харин Нийгмийн даатгалын санд шимтгэл төлдөг, тайлангаа өгдөг 52.2 мянган аж ахуйн нэгж байгаагийн 40 хувь эмэгтэй удирдлагатай байна” хэмээв.


Хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхийн тулд Хөдөлмөрийн тухай хуульд хэд хэдэн голлох заалт оруулсан байна. Тухайлбал, ажил олгогч бүр 12 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүд ажил олгогчтойгоо тохиролцоод цахимаар ажиллах боломжийг бүрдүүлжээ.


“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулганыг угтан МҮХАҮТ-аас “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. Энэхүү уулзалтынүр дүнг МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул чуулганд танилцуулсан юм.


Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс эмэгтэй захиралтай байгууллагуудын 70 хувь нь эрүүл мэнд, даатгал, боловсрол, худалдаа үйлчилгээ, санхүүгийн салбарт ажиллаж байна. Ажилтнуудын тоогоор авч үзвэл эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжүүдийн 99 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлийн ангилалд багтаж байгаа юм. Энэ нь манай улсад ажил эрхлэх, мэргэжил эзэмших боломжоор тэнцвэртэй хангагдсан ч нийгмийн шат ахих тусам эмэгтэйчүүдийн оролцоо буурч, удирдах, шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэрт байдал алдагджээ. Тиймээс жендерийн мэдээллийн сантай болох, түүнд үндэслэн бодлого боловсруулж, эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан хэмээн зөвлөлдөх уулзалтаас дүгнэсэн байна. Түүнчлэн боловсролын системийг шинэчлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн даатгалын шимтгэл бууруулах, урт хугацаатай, бага хүүтэй зээл бий болгох батлан даалтын сангаас хөнгөлөлттэй бүтээгдэхүүн гаргах, байгууллагууд эмэгтэйчүүдэд зориулсан уян хатан цагийн менежмент нэвтрүүлэх, цахимаар ажиллах,сурах боломжийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ.


Цар тахлын сөрөг нөлөөнд Ази, Номхон далайн бүс нутгийн нийт эмэгтэй бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь өртсөн байна. Энэ бол НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн комиссоос 2021 онд гаргасан судалгааны дүн юм. Улмаар бизнес эрхлэгчдийн орлого 30-51 хувиар буурсан гэдгийг Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны ТУЗ-ийн дарга О.Байгаль “Олон улсын чиг хандлага, сайн туршлага” сэдэвт илтгэлдээ онцоллоо. Түүнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн үйлчилгээний хүртээмж буурсан тул цахим хэрэглээг нэмэх, зах зээлд нэвтрэх боломжийг нь бүрдүүлэх шаардлага олон улсад тулгарч, орон бүр өөр өөрийн гэсэн бодлого боловсруулан ажиллаж байгааг тэрбээр дурдсан юм. Улмаар дэлхийн улс орнуудын парламент, Засгийн газраас бодлогын хүрээлэн бий болгож, түүгээрээ дамжуулан урт хугацаанд Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, салбаруудын уялдааг хангах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих судалгаа хийж буй юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нт Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, нийгэм, засгийн өсөлтийг бий болгоход чухал нөлөө үзүүлж байна гэдгийг онцлон тэмдэглэв.


Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг “Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх нь” илтгэлдээ, “Цар тахлын үед бизнес эрхлэгч 5 эмэгтэй тутмын 1 нь хаалгаа барьсан байна. Энэ нь төр дэмжлэг олгоогүйгээс бус эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнес ихэвчлэн албан бус болон бичил хандлагатай байснаас системийн тусламж авч чадаагүйтэй холбоотой. Тэгэхээр аж ахуйн нэгжид өгсөн дэмжлэг нь эмэгтэйчүүдэд бага хүрсэн гэж байгаа боловч Засгийн газар нийт иргэд, өрхийн хэмжээнд явуулсан. Ирээдүйд албан бус, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүддийн мэдээллийг цуглуулах хэрэгтэй. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн чанаргүй зээлийн хэмжээ эрэгтэйчүүдийнхээс бага. Гэхдээ тэдний авч буй зээл бага дүнтэй, өндөр хүүтэй байдаг. Энэ нь нөгөө л бичил бизнес болон албан бус сектортой холбоотой. Бидний хувьд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт болон төлөвлөлтийн талаар эмэгтэй бизнес эрхлэгчдэд боломж олгохоор ажиллаж байгаа” гэлээ.


Чуулган 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ