Усан сангийн ногоон усыг юүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-15 12:15:30

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /VOA/. “Рио-2016” Олимпын наадмын синхрон сэлэлтийн төрлийн тэмцээнүүд эхлэхээс өмнө буюу өчигдөр “Мария Ленк” усан спортын төвийн усан сангийн ногоон усыг юүлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас “Мария Ленк”-ийн гол усан сангийн ус ногоон өнгөтэй болж эхэлсэн юм.

Олимп зохион байгуулагчдын хэлснээр, нэгэн гэрээт ажилчин ус төрөгчийн хэт ислийг усан сан руу “алдаа гарган” хийсний улмаас ус ногоон болсон байна.

Ногоон ус тамирчдын эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй болох нь тогтоогдсон учир  тус усан санд өнгөрсөн бямба гарагийг хүртэл усан пологийн тэмцээнүүдийг зохион байгуулсан аж.

Харин синхрон сэлэлтийн төрлийн тэмцээнүүдийн үеэр тамирчид усан дор бие биеэ харах шаардлагатай учир усан сангийн усыг юүлэхээс өөр аргагүй болжээ.

Усан сангийн ус ногоон өнгөтэй болсонтой холбогдуулан албаны хүмүүс тамирчдаас уучлалт гуйсан байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ