Их Британийн кино жүжигчин Кенни Бейкер нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. //NHK/. “Оддын дайн” киноны “R2-D2” роботын дүрийг бүтээсэн, Их Британийн кино жүжигчин Кенни Бейкер 81 настайдаа нас баржээ.
Тэрбээр Их Британийн Бирмингем хотод төрсөн бөгөөд түүнийг нярай байхад нь одой өвчтэй болохыг тогтоожээ.
Тэрбээр 16 настайгаасаа циркт пантомим буюу үггүй жүжиг тоглож эхэлсэн байна. Кенни Бейкер 1977 онд анх гарсан “Оддын дайн” цуврал кинонд Жедаи баатруудад тусалдаг “R2-D2” роботын дүрийг бүтээснээр нэр алдарт хүрсэн билээ. Ердөө 112 см өндөртэй байсан тэрбээр 2005 оныг хүртэл “Оддын дайн” киноны зургаан цувралд тоглосон бөгөөд сүүлийн жилүүдэд амьсгалын замын өвчний улмаас түүний биеийн байдал тааруухан байжээ.
“Оддын дайн” киног зохиогч Жорж Лукас, Бейкер бол жинхэнэ эр хүн, тэрбээр ямар ч нөхцөлд шаргуу ажилладаг нэгэн байсан гэж хэлжээ.
Мөн тэрбээр, “Бейкер хүн бүрийг инээлгэж чаддаг байсны зэрэгцээ “R2-D2” роботын сүнс, зүрх нь болсон жүжигчин. Түүнийг мэддэг хүн болгон, фэнүүд нь түүнийг үүрд дурсан санах болно” гэж хэлсэн байна.
Д.Нямтулга