Усэйн Болт 100 метрт түрүүллээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-15 11:12:56

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /VOA/. Ямайкийн алдарт гүйгч Усэйн Болт “Рио-2016” Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 100 м- ийн төрөлд түрүүлснээр Олимпоос энэ төрөлд гурван удаа алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо.

Өдгөө 29 настай “цахилгаан” Болт Риогийн Олимпын 100 м-ийг 9.81 секундэд туулан “Бээжин-2008” болон “Лондон-2012”-ын амжилтаа давтжээ.

Харин Америкийн Жастин Гэтлин түүнээс 0.08 секундийн дараа барианд орсноор мөнгөн медаль хүртсэн байна.

“Би үүнээс ч хурдан гүйнэ гэж найдаж байсан. Гэхдээ түрүүлсэндээ баяртай байна” гэж Болт хэлээд “би энд үзүүлбэр үзүүлэхээр ирсэн. Би үзүүлбэрээ үзүүлж чадлаа” гэв.

Канадын гүйгч Андре-де-Грас 9.91 секундийн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна.

Болтыг Риогийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд хүмүүс “баатар” мэт угтан авч, түрүүлснийх нь дараа түүний нэрийг дуудан хашгирч, баяр хүргэн алга ташиж байлаа.

Г.Доржханд

Холбоотой мэдээ