“Pfizer”, “BioNTech” шинэчилсэн вакциндаа зөвшөөрөл хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-08-23 17:18:42

ВАШИНГТОН. /CNN/. Pfizer”, “BioNTech” компаниуд коронавирусний вакциныхаа шинэчилсэн хувилбарт яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгохыг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ хүсжээ.


Компаниудын мэдээлснээр, вакциныг 12 болон түүнээс дээш насны хүмүүст нэмэлт тунгийн журмаар хэрэглэх хүсэлтийг даваа гарагт гаргасан байна. Шинэ вакциныг “омикрон”-ы “BA.4”, “BA.5” дэд хувилбар болон вирусний анхны омгуудаас хамгаалах зорилгоор гарган авчээ.


“Pfizer”, “BioNTech” вакцины аюулгүй байдлыг баталгаажуулах эмнэлзүйн судалгааг энэ сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Хүнс, эмийн чанарын хяналтын газраас холбогдох зөвшөөрөл гарсан даруйд вакциныг нийлүүлж эхлэхээ мэдэгджээ.


АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ мэдээлснээр, улсын хэмжээнд наймдугаар сарын дунд үеэс хойш өдөрт дунджаар халдварын 100 мянга орчим тохиолдол шинээр илрэх болжээ. Түүнээс өнгөрсөн бямба гараг хүртэлх долоо хоногийн хугацаанд илэрсэн тохиолдлуудын ойролцоогоор 90 хувь нь “BA.5”-аар халдварласан байжээ. 

Холбоотой мэдээ