Шар хаднаас Гачуурт хүртэлх авто замын бүтээн байгуулалт 22 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-16 15:02:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэлх 4.27 км урт авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.


Уг замыг нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах төслүүдийн хүрээнд тавьж буй бөгөөд одоогоор ажлын явц 22 хувьтай байна.


Зам барилгын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучжээ. Тус замын бүрдэл хэсэг болох Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажил үргэлжилж буй юм. Энэ хүрээнд газар шорооны болон суурийн ажлыг гүйцэтгэн, захын болон завсрын тулгуурыг цутгаж байна.


Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл шинээр авто зам тавьснаар уг чиглэлд авто замын шинэ сүлжээ бий болохоос гадна Гачууртын зам, Шар хадны гудамжны замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.


Холбоотой мэдээ