Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-15 13:29:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод наймдугаар сарын 15-ны байдлаар 144 байршил дахь 3621 гараашийг буулган, газар чөлөөлөөд байна.


Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмж тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилгоор 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөжээ.


Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш буулгах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд 3 дугаар сарын 15-аас эхэлсэн тус ажлын явц 74.5 хувьтай байгаа аж.

Чөлөөлсөн талбайг хэмжээнээс нь хамааран ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын болон сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж, явган хүний зам, сүүдрэвч зэргээр тохижуулж байна. Энэ онд гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгөөр тохижилт хийж байгаа юм. 


Холбоотой мэдээ