ДАРХАН-УУЛ: “Нүүдэлчин Монгол - 2022” фестивальд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-14 16:40:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соён гэгээрэл, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгальд ээлтэй-эко соёлыг төлөвшүүлэх зорилготой зохион байгуулж буй соёлын биет бус өвийн “Нүүдэлчин Монгол” фестиваль Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болж байгаа билээ. Энэ сарын гурван өдрийн турш үргэлжилж буй уг фестивальд 21 аймаг болон нийслэлийн 1432 өвлөн уламжлагч оролцож байна. Дархан-Уул аймгийн хувьд соёлын биет бус өвийн 74 өвлөн уламжлагч бүртгэлтэй байдаг бөгөөд энэ удаагийн фестивальд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тухайлбал: Зан үйл, язгуур урлагийн багт бага насны өвлөн уламжлагч 6 хүүхэд, Монгол Улсын Соёлын тэргүүний 9 ажилтан, зургаан Ардын авьяастан нийт 29 соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид оролцож байна. Үүний дотор сүүлийн 10 гаруй жил 1000 гаруй хүүхдийг бий биелгээгээр шавилан сургаж буй Монгол Улсын шилдэг өвлөн уламжлагч, Баядын алдарт бийч Жамьяан гуайн охин, Нүүдэлчин Монгол анхдугаар наадмын “Төгс эзэмшсэн өвлөн уламжлагч”, МУСТА Ж.Дэжидмаа, МУСТА, Ерөөлч, магтаалч Дүйнхэрсүрэн, МУСТА, хулсан хуурч Жавзанжав нарын Ардын авьяастнууд багтаж байна. Тэд 3 өдрийн туршид зан үйл, язгуур хэв шинж, нутгийн болон угсаатны онцлогийг харуулсан урлагийн тоглолтыг толилууллаа.

Гар урлалын багт Дархан-Уул аймгийн зураач урчуудын холбооны тэргүүн Н.Хишигбаатар, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч, уран хайчилбарч Б.Төмөрхуяг, Монгол зураач С.Мөнгөнзул, эсгий урлаач Т.Жаргалсайхан, Монгол дархан, сийлбэрч Г.Эрдэнэтөгс, Н.Мөнгөнбаяр, Д.Түмэнжаргал, Н.Авдукалик, Н.Дижан нар мөнгөн тоногтой гэр, гар урлалын бүтээлүүдээрээ оролцож байна.

Үүний зэрэгцээ “Монгол гайхамшиг” уралдааны “Хамгийн ойтой хүн”, “Сод авьяастан” өргөмжлөлт, оньсон тоглоомын өвлөн уламжлагч Л.Алтангэрэл, 3000- гаад хүнд соёлын биет бус өвөө сурталчлан таниулж өвлүүлэн уламжлуулж буй М.Мөнхтуяа, Монгол Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгч Ж.Эрхэмсайхан, Б.Булганчимэг нарын соёлын биет бус өвийн хүн төрөлхтний бичиг соёлын давтагдашгүй өв соёлоо сурталчлан таниулж байна.

Харин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн асарт арьс шир, алт мөнгөн эдлэл, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулан, чанар, өнгө үзэмжийг эрхэмлэсэн төгс бүтээлийг урласаар ирсэн Цайны их зам ХХК, Монгол Улсын Эм Хангамжийн салбарт өөрийн гэсэн өнгө аясаар шинэ түрлэг болон үйл ажиллагаагаа явуулж буй эмийн ургамлын Амгаланзаяа ХХК тэргүүтэй эсгий бүтээгдэхүүн урлаачид, уламжлалт цагаан идээ ундаа үйлдвэрлэгчид болон Дархан-Уул аймгийн Тогоочдын холбооны мастер тогооч нар оролцож байгаа юм.

Тус наадамд оролцож буй багийг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ нар хариуцан ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ