Дөрвөн дүүрэг 2-5 настнаа цэцэрлэгт бүрэн хамруулах бэлтгэл хангаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-09 16:47:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын нэгэн гэхэд Сүхбаатар, Чингэлтэй, Багахангай, Багануур дүүргийн бага насныхан 9 дүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг БШУЯ мэдээллээ.


Гэртээ үлддэг байсан 34486 хүүхдийн 26643-ыг нь 9 дүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн, үлдсэн 7755 хүүхдийг 12 дугаар сарын 31 гэхэд цэцэрлэгээр авах боломж санал болгохоо БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэмдэглэв. 

 

Харин маргаашаас эхлэн цэцэрлэгийн хамран сурах тойргийг 3 үе шаттайгаар зарлаж, цэцэрлэгийн хүсэлт хүлээн авна. Хүсэлтийг энэ сарын 24 хүртэл эцэслэн шийдэж хариу өгөх аж. Дараагийн бүртгэл нь 9 дүгээр сарын 10-25 хооронд бүртгэнэ. Үүнд 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд бүртгүүлэх боломжтой.


Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байгаагаас нийслэлд 2-5 насныхан 141 мянга нь бий. Нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадал 102 мянга бөгөөд 2022-2023 онд 106 мянган хүүхдийг хамруулах боломжтой. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй сугалаа сугалдаг 34486 хүүхэд гэртээ үлддэг байсны олонх нь Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт бий. Багачуулыг эрэмбэлэхэд 5 настай 3500, 4 настай 3600, 3 настай 3572, 2 настай 23783 хүүхэд байв.

БШУЯ эдгээр хүүхдийг цэцэрлэгээс хамруулахаар өмнө нь орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байсан 94 байрыг түрээсэлж 9850 хүүхэд авахыг Л.Энх-Амгалан хэвлэлийн хурлын үеэр тодотголоо. 


Мөн хамрах тойргийн 10272 хүүхдийг бүртгэж авсан хувийн цэцэрлэгт төрөөс хувьсах зардлыг нь гаргахаар гэрээ байгуулаад байна. Улсын 39 цэцэрлэгт нэмэлт элсэлтээр 3882, алслагдсан гэр хорооллын 4 гэр цэцэрлэгт 240 хүүхэд хамруулах юм. Түүнчлэн, байгууллагын цэцэрлэгт 1000 орчим хүүхэд хамруулахаас 9 дүгээр сарын 1 гэхэд 450-ийг нь авахад бэлэн болоод байна. Шинээр барьсан цэцэрлэгт 5000, хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд авахаар бэлтгэжээ.


 Аравдугаар сарын 15 гэхэд цэцэрлэгийн зориулалтаар 21 байр худалдаж авахаар тендэр зарласан бөгөөд орон сууцны 1 давхрын 14, бие даасан 7 байранд 2300 хүүхэд хамруулахаар төлөвлөжээ. Орчин үеийн шаардага хангасан “Цомцог” гэр цэцэрлэгт 1190 хүүхэд, энэ ондоо багтаж ашиглалтад орох 17 цэцэрлэгт 3600 хүүхэд хамрагдах аж. 


Холбоотой мэдээ